АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Украинд хийж буй Оросын дайныг зогсоох зорилготой 28 заалттай энхийн төлөвлөгөөг боловсруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй.
Тэгвэл Женев хотноо Украины дайнтай холбоотой АНУ-ын боловсруулсан 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөг хэлэлцэх олон талт уулзалт эхэлсэн байна. Уг төлөвлөгөө нь ОХУ-ын өмнө нь дэвшүүлж байсан шаардлагуудтай ихээхэн төстэй байгаа бөгөөд Украин эдгээрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн хэвээр байгаа аж.
Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрөгч бямба гараг /2025.11.22/-т энэ талаар үг хэлэхдээ, төлөвлөгөөний одоогийн хувилбар нь эцсийн шийдэл биш бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой гэдгийг дурджээ.
Тэгвэл Женев хотноо болж буй хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак тэргүүлж байгаа бол АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар оролцож байна. Харин Европын байр суурийг Их Британи, Герман, Францын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд болон Европын Холбооны нэг төлөөлөгч илэрхийлж байна.
Саяхан ил болсон 28 заалттай төлөвлөгөөний гол заалтуудад Украины армийг Донецкийн зарим үлдсэн бүс нутгаас татах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ 600 мянган хүн хүртэл бууруулах, Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах, НАТО-гийн цаашдын тэлэлтийг зогсоох, Орос улс хөрш орнуудад дахин халдахгүй байх зэрэг оржээ.