БНСУ-д 267 хүн тээвэрлэж явсан усан онгоцны ажилтан гар утсаа ширтэж, анхаарал суларснаас осолджээ

БНСУ-д 267 хүн тээвэрлэж явсан усан онгоцны ажилтан гар утсаа ширтэж, анхаарал суларснаас осолджээ

БНСУ-ын баруун өмнөд эрэг орчимд зорчигч тээврийн том оврын гатлагч онгоц гүехэн газарт сууж, 200 гаруй хүн эрсдэх аюулд өртсөн нь хувь хүний алдаанаас болсон байж болзошгүй талаар тус улсын Эргийн харуул мэдэгджээ. 

Тодруулбал, “Queen Jenuvia II” хэмээх 26,546 тонн даацтай зорчигч тээврийн хөлөг өчигдөр /2025.11.19/ орой 20:17 цагт Сөүлээс урд зүгт 366 км зайд орших Синан хошууны ойролцоо, Жансаны арлын дэргэдэх хүн амьдардаггүй Жок нэртэй жижиг арлын орчимд осолдох үедээ 246 зорчигч, 21 багийн гишүүнтэй, нийт 267 хүн тээвэрлэж явсан байна. 

Эхний байцаалтын үеэр багийн гишүүд Эргийн харуулд мэдүүлэхдээ осол гарах мөчид навигацийг хариуцсан ажилтан гар утсаа ширтэж байсан бөгөөд усан зам нарийссан уг бүсэд хөлгийг гараар жолоодох ёстой атал автомат горимд үлдээсэн гэж мэдэгджээ. Ингэснээр хөлөг чиглэлээ өөрчлөх шаардлагатай цэгээ өнгөрөөд, жижиг арал руу шулуун явсаар их биеийнх нь тал орчим хуурай газар дээр гарч зогссон байна.

Осол гарснаас хойш ойролцоогоор гурван цагийн дотор бүх зорчигчдыг авран, эрэг дээр аюулгүй буулгасан бол багийн гишүүд хөлгийг газраас салгах, боомт руу аваачих ажиллагаанд оролцохын тулд онгоцондоо үлджээ. Харин зорчигчдын дунд хүнд бэртэл авсан тохиолдол бүртгэгдээгүй ч зарим нь хөнгөн өвдөлт, мэдрэлийн ядаргаа, цочролын шинж тэмдэг илэрч байгаагаа хэлсний дараа эмнэлэгт хүргэгдэн үзлэг, эмчилгээ хийлгүүлжээ.

Эх сурвалж: Yonhap