Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд гадаад хэргийн сайд Ван И-тай Монгол Улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны хэлэлцээ хийсэн. Тухайлбал, талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон. Хятадын тал Монгол Улстай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээ илэрхийлж, Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын XVII бага хурлыг дэмжихээ мэдэгдэв. Мөн баруун аймгуудад бүртгэгдсэн шүлхий өвчинтэй холбоотойгоор вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн хэлэлцээний төгсгөлд Монгол, Хятадын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Ван И-гийн айлчлалын үеэр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны бэлгэдэл болгон дурсгалын мод хамтран тарьжээ.