Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт завьт эргүүл ажиллах талаар болон сэрэмжлүүлэг мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран мэдээллээ.
Энэ үеэр НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 105 хүн гол, усанд орж амь насаа алдсан гэх харамсалтай тоо баримт байна. Үүний 83 нь том хүн, 22 нь хүүхэд байна. Иймд зуны улирал эхэлж буйтай холбоотойгоор хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж завьт болон, хөдөлгөөнт эргүүлийг гаргаж байна. ЕБС-ын хичээл амарчихлаа тийм учраас хүүхдүүд завтай болж байгаа учраас усанд сэлэхээр явж живдэг тохиолдлууд маш их байдаг. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулахыг уриалж байна. Мөн хүүхдэд зориулалтын бус усны тоглоом хэрэглүүлж байна. Тодруулбал, хийлдэг цагариг, хийлдэг завь гэх мэт зүйлүүд маш том эрсдэлийг дагуулж байдаг” гэлээ.