Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан салбарын сайд нь газар дээр нь ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцон шаардлагатай шийдвэрүүдийг гаргалаа.
Өнгөрсөн бямба гарагийн байдлаар Алтай суманд гурван, Дэлүүн суманд хоёр голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа бөгөөд хоёр голомтод нийт 761 мал өвчилж, 1245 малыг устгалд оруулсан байна. Харин Өлгий, Бугат сумдад хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ үр дүнгээ өгч, хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлжээ.
Шүлхийн тархалтыг зогсоох зорилгоор Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглоод байна. Хорио цээрийн болон хариу арга хэмжээнд нийт 522 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 49 хяналтын постод 139 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Аймгийн Онцгой комиссын хурлаар ХХААХҮ-ийн сайдын багцаас нэн яаралтай арга хэмжээнд зориулан 50 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэжээ. Мөн Улсын онцгой комисс болон Мал эмнэлгийн ерөнхий газраас шаардлагатай тусгай хувцас хэрэгсэл, ариутгалын бодисыг шуурхай нийлүүлэхээр болсон байна. Түүнчлэн хорио цээрийн дэглэмд ажиллаж буй төрийн албан хаагчдын томилолтын зардал болон устгалд орсон малын нөхөн төлбөрийг яаралтай шийдвэрлэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд тавьж ажиллахаар болжээ.