УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаараа гурван үндсэн асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хамгийн түрүүнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Уг төслийг Засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд танилцуулгыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон салбарын мэргэжилтнүүд хийхээр төлөвлөжээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл сонсоно. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулга хийх юм. Гурав дахь асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Уг төслийг Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хийж, гишүүдийн асуултад хариулах юм. Хуралдааны үеэр дээрх асуудлуудаар гишүүд мэдээлэл сонсож, санал солилцоно.