С.Бямбацогт: Засгийн газрын 574 тогтоолоор нууцад авсан гэрээнүүдийг ил болгоно

С.Бямбацогт: Засгийн газрын 574 тогтоолоор нууцад авсан гэрээнүүдийг ил болгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд нээлттэй, ил тод Засгийн газар гэдэг зарчмаар ажиллаж байна. Иймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өргөн барихаар болж байна. Нүүрсний олон гэрээнүүдийг Г.Занданшатар Ерөнхий сайд ил болгож байгаа. Хил холболт болон олон улсын гэрээнүүдийг ил тод болгох тал дээр ажиллаж байна. Нууцад авсан гэрээнүүдийг ил болгох, Нууцын тухай хуулийг өргөн мэдүүлэх ёстой. Иргэдийн мэдэх эрхийг хангахгүйгээр хулгайтай тэмцэж чадахгүй. Тиймээс аливаа хаалттай, нууц асуудлуудыг ил болгож байж төрийн чадавх дээшилнэ. Мэдээж, хувь хүний нууц байх ётой. Гэхдээ хууль бус үйлдлүүдээ албаны нууцад оруулдаг байдал газар аваад байна.  "Эрдэнэс Тавантолгой"-н хэд хэдэн гэрээ болон тендер, олон улсын гэрээ, олон төслүүдийг ил болгоно. Барилга байшин барих зэрэг томоохон үнийн дүнтэй гэрээнүүдийг ил болгох тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 574 тогтоолоор  нууцад авсан гэрээнүүдийг ил болгоно. Албаны нууцын журмаар нууцалдаг байдлаар иргэдийн мэдэх эрхийг нууцалдаг байдлыг байхгүй болгож, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг л нууцад авч, бусдыг нь ил болгоно. Албаны нууц гэж байх ёсгүй. Албаны нууцад хамаарах 59 байгууллагын 882 мэдээлэл ил болно. Төрийн нууцыг жагсаалтыг УИХ л баталдаг байх, түүнээс Засгийн газрын тогтоолоор яамд албаны нууц гэдэг байдлаар нууцад авч байгааг таслан зогсооно. Ил тод шилэн болж байж авлигаас ангижирна. Ийм зарчмын хүрээнд иргэддээ нээлттэй, ээлтэй Засгийн газар гэдэг бодлогыг авч байгаа учраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өргөн барьж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: