“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийнэ

“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийнэ

Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний бүтээл Шаазан урлалд” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Шаазан урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү нь оюутан наснаасаа эхлэн 40 орчим жилийн турш Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг гүнзгий судалж, өөрийн бүтээлийн гол сэдвийн нэг болгон хөгжүүлж ирсэн. Тэрбээр Хорин нэгэн дарь эх болон Өндөр гэгээний бусад гайхамшигт бүтээлүүдийг шаазан, керамикаар урлахаас гадна Монгол ахуй, ёс заншил, түүхэн нэрт хүмүүсийн дүр төрхийг шаазан урлалын төрлөөр бүтээж ирсэн. Олон давхар задаргаат хэв авалт, төрөл бүрийн материалын цутгалт, паалангийн будалт, өндөр температурын давтан шатаалт зэрэг нарийн технологийн шат бүрийг судлан, туршиж, залгаасгүй цутгалтын өвөрмөц арга барилаар уран бүтээлээ туурвидаг нь түүнийг Монголын шаазан урлалын онцгой төлөөлөгчдийн нэг болгожээ.

Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг орчин цагийн шаазан урлалаар дахин амилуулж, “Их Монгол төсөл”-тэй хамтран уламжлалт дэг сургуулийн үнэ цэн, гоо зүй, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь Өндөр гэгээн Занабазар мэндэлсэн өдөр болох намрын адаг сарын 25 буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийж энэ сарын 21-ний өдрийг хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.