ВИДЕО: Туркийн 20 цэргийн албан хаагчийг тээвэрлэж явсан C-130 онгоц Гүрж улсад осолджээ

ВИДЕО: Туркийн 20 цэргийн албан хаагчийг тээвэрлэж явсан C-130 онгоц Гүрж улсад осолджээ

Өчигдөр /2025.11.11/ Туркийн агаарын хүчний C-130 тээврийн нисэх онгоц Азербайжанаас хөөрснөөс хойш удалгүй Гүрж улсад осолдсон үйл явдал дэлхийн хэвлэлүүдийн анхааралд ороод байна. 

ВИДЕО: 

Тодруулбал, Туркийн зэвсэгт хүчний харьяа Lockheed C-130 Hercules цэргийн тээврийн онгоц Азербайжаны Гянжа хотоос хөөрч, Турк руу буцах замдаа Гүрж улсын Сигнаги мужийн ойролцоо осолджээ. Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр онгоцонд 20 цэргийн албан хаагч байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн байна. Онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа нислэгийн хяналтын төвтэй холбоо тасарч, ямар нэгэн яаралтай дохио дамжуулаагүй гэж Гүржийн Дотоод хэргийн яам мэдээлжээ. 

Ослын талаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүр бичлэг, онгоц агаарт задран унасан нь харагдах аж. Аврах ажиллагаанд Турк, Гүрж, Азербайжаны онцгой байдлын багууд хамтран ажиллаж, ослын газарт гарсан галыг хэдэн цагийн дараа бүрэн унтраасан байна.

Энэ ослын талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “манай баатарлаг цэргүүд эх орныхоо төлөө үүргээ биелүүлж яваад амь алдлаа” хэмээн мэдэгдэж, амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев мөн Туркийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Гүржийн эрх баригчид болон Туркийн Батлан хамгаалах яам хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар онгоц техникийн гэмтэлтэй байсан байх магадлалтай гэж таамаглаж байна. C-130 төрлийн онгоцуудыг Туркийн агаарын хүч 1960 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд осолдсон тус онгоц 50 гаруй жилийн ашиглалтын насжилттай байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.