Дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох "Springer Nature"-т Монгол математикчдын бүтээл хэвлэгджээ

Дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох "Springer Nature"-т Монгол математикчдын бүтээл хэвлэгджээ

Монголын математикч, физикчдийн бүтээл дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байна.

Тодруулбал, Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич Т.Жанлав, тус хүрээлэнгийн болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн эрдэмтэн, академич О.Чулуунбаатар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нарын хамтарсан “Тооцон бодох математик” судалгааны багийн “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” бүтээл математикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж, дэлхийн олон орны эрдэмтэд тэдний бүтээлээс эш татан ашиглаж буй аж. Тус бүтээлийг томоохон тооцоолол шаарддаг, тухайлбал, уул уурхай, цаг уур, эдийн засаг зэрэг салбар дах математик загварын тооцооллыг хийхэд ашиглаж болно.

Шугаман бус тэгшитгэл, түүний системийг бодох итерацийн аргын шинэ цогц онол боловсруулсан бүтээлийг 2024 онд “Springer Nature” хэвлэлийн газарт хэвлэснийг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 159 номын санд, Ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоо бодох өндөр эрэмбийн нийлэлттэй ялгаварт схем, төгсгөлөг элементийн шинэ аргуудыг байгуулсан бүтээлийг мөн “Springer Nature” хэвлэлийн газарт хэвлэж, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 84 номын санд байршуулжээ.

Эдгээр нэг сэдэвт бүтээлийг туурвихдаа 2013 оноос хойш олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бичиж нийтлүүлсэн 106 өгүүллээ ашигласан  бөгөөд тус өгүүллүүдийн 67 нь Web of Science болон SCOPUS давхар бүртгэл бүхий сэтгүүлд, тав нь зөвхөн Web of Science-д бүртгэлтэй, 13-ыг нь зөвхөн SCOPUS-д бүртгэлтэй, 21-ийг нь олон улсын peer review (үнэлгээ) хийгддэг сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна. Манай багийнхны нийтлүүлсэн 106 өгүүллээс нийт 1043 удаа эш татсан гэсэн үзүүлэлт бий. Мөн эдгээр номууд 10 орчим удаа эшлэгдсэн нь Монголын математикчдын чадвар Дэлхийн түвшинд хүрсийг харуулж байна.