МҮОХ: Жүдо бөхийн тамирчид буудлын лоббид байгаа зураг, бичлэгийг илт гуйвуулсан хэлбэртэйгээр тараасанд харамсаж байна

МҮОХ: Жүдо бөхийн тамирчид буудлын лоббид байгаа зураг, бичлэгийг илт гуйвуулсан хэлбэртэйгээр тараасанд харамсаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монгол Улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир зочид буудлын үүдний хэсэгт амарч байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Монголын Үндэсний Олимпийн Хороо тайлбар мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Азийн Залуучуудын наадамтай холбоотой нөхцөл байдал, санхүүжилттэй холбоотой илт ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор дараах мэдэгдлийг хүргэж байна. Гурав дахь удаагийн Азийн залуучуудын наадам Бахрейны Манама хотноо 10-р сарын 22-31-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Уг наадамд Азийн 45 орны 4000 гаруй тамирчид 26 спортын төрөлд 264 багц медалийн төлөө өрсөлдөв. Монголын багийн тухайд 20 спортын төрөлд 134 тамирчинтайгаар оролцож 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 30-р байранд жагслаа. Энэ бол Монголын багийн хувьд Азийн залуучуудын наадамд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт билээ. Уг наадамд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа багийн дэд ахлагчаар ажиллаж, наадмын туршид шигшээ багийн тамирчид, спорт холбоодыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллав.

-Багийн хувцас, хэрэглэлийн талаар:

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаар ахлуулсан ажлын хэсэг дэлхийн тэргүүлэх спорт хувцасны брэнд “361”-тэй урт хугацааны туршид хэлэлцээр хийсний үр дүнд 100%-ийн ивээн тэтгэлэг хэлбэрээр залуучуудын наадамд оролцох багийн хувцас, хэрэглэлийг шийдвэрлэсэн билээ. Олон улсын жишгийн дагуу хийгдсэн энэхүү гэрээ нь Монгол улсын олимпын хөдөлгөөнд эзэлж буй байр суурийг бүрэн илэрхийлсэн эерэг үйл явдал болсон билээ. Нэг тамирчинд олгогдсон хувцас хэрэглэл, гутал, цүнх зэргийн зах зээлийн ханш нь 3-4 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд үүнтэй холбоотой МҮОХ болон бусад төрийн байгууллагуудаас ямар нэгэн санхүүжилт гараагүй гэдгийг харицлагатайгаар мэдэгдэж байна.

-Тамирчдын буудлын асуудлын талаар:

Жүдо бөхийн баг Азийн залуучуудын наадам явагдаж буй Бахрейн улсын Манама хотноо 10-р сарын 27-ны өдрийн 01:10 цагт газардаж, 03:00 цагийн орчимд байрлах зочид буудалд хүрэлцэн ирсэн болно. Зочид буудлын дотоод журмын дагуу тамирчдын өрөө суларч орох цаг нь 14:00 байхаар заасан ч МҮОХ-ны штабын тавьсан санал хүсэлтийн дагуу 06:00 цагт өрөөндөө орохоор зохицуулалт хийсэн. Монголын жүдо бөхийн холбоо нь энэхүү нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэл авсан байсан бөгөөд нэмэлт зардал гаргахаас татгалзсан тул хагас өдөр хүлээх шийдвэрийг албан ёсоор гаргасан болно. Олон нийтийн сүлжээнд “Галбадрах Отгонцэцэг” хуудаснаас анхлан тараагдсан жүдо бөхийн тамирчдын буудлын лоббид байгаа дүрс бичлэг нь агуулгын хувьд илт гуйвуулсан хэлбэртэйгээр тараагдаж байгаад харамсаж байна. Тус холбооны зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, буруу ойлголт үүсгэж буй уг мэдээллийг удаа дараа гаргаж байгаагаа зогсоож, албан ёсоор залруулга хийнэ гэдэгт итгэлтэй байна. МҮОХ нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдож буй олон улсын олон төрөлт уралдаан тэмцээнд шигшээ багаа зохион байгуулж оролцох үүргээ биелүүлэхдээ тамирчдыг улс төрийн аливаа нөлөөлөлд өртөхөөс хамгаалах, спортын зарчим, шударга байдлыг чанд баримтлан ажилласаар ирсэн. Уг асуудлыг МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн хурлаар албан ёсоор хэлэлцэж, шийдвэр гаргана. Спорт холбоод, спортын зүтгэлтнүүд, спортын хорхойтнууд та бүхнийг тамирчдын эрх ашиг, нэр хүндийг ямагт хамгаалж, аливаа зорилготой агуулга, ташаа мэдээллээс ангид үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.