“Боксын Сүхээ” гэх нэрээр нь андахгүй сайн мэдэх Д.Сүхбаатар шүүгчийг Монголд боксын спортыг хөгжүүлэлцсэн эрхэм хүмүүсийн нэг гэдгийг хүн бүр мэднэ. Түүнийг нэг үе боксын Сүхээ гэдэг байсан бол одоо Тэнгисийн зурдаг өвөө гэх болжээ. Учир нь тэрбээр Тэнгис кино театрт хөрөг зураг зурж, олон хүмүүс түүнийг одоо энэ нэрээр нь мэдэх болсон байна. Сонирхолтой нэгэн амьдралыг туулж буй Спортын хэмжээний мастер, олон улсын шүүгч Д.Сүхбаатартай бид ярилцлаа.
ВИДЕО:
-Та Тэнгис кино театрт зураг зураад хэдэн жил болж байна вэ?
-2018 оноос энд сууж, зураг зурж эхэлсэн. Өмнө нь 1991 оноос эхлэн Ард кино театрт зурдаг байлаа. Тэр үед анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Түүнээс хойш хөрөг зурж эхэлсэн. Мөн музейнүүдээр явж жуулчдыг зурдаг байлаа. Ингэж явсаар нэг л мэдэхэд Тэнгисийн зурдаг өвөө гэх нэртэй болсон байна.
-Багаасаа л зурдаг хүүхэд байв уу?
-Хүүхэд байхаасаа л зурж эхэлсэн. Хүүхэд байсан юм болохоор янз бүрийн үлгэрийн ном хуулж их зурдаг байлаа. Би цэргийн сургууль төгссөн оффицейр хүн. Иймд дайчин алдрын танхим тохижуулах зэргээр зөндөө л зүйл хийж, оролдсон. Энэ маань нөлөөлсөн ч юм уу сийлбэр хүртэл хийж үзсэн, их саваагүй хүн. Ингээд 1990-ээд оноос миний зурсан нөхөрсөг шог зургууд сонинуудаар гараад эхэлсэн. Сүүлдээ зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргах санаа ургаж, одоо зургаан удаа үзэсгэлэнгээ гаргасан байна. Ирэх онд долоо дахь үзэсгэлэнгээ гаргах бодолтой байгаа. Хүн ер нь зураад байхаар улам л арга барил суугаад, улам л сайжраад байдаг.

-Одоо бол Тэнгисийн өвөө гэдгээр нь хүмүүс их сайн мэддэг болж, тийм үү?
-Тэнгисийн өвөө их гоё зурдаг гэх яриа гарсан. Би зургийн сургууль төгсөөгүй. 40 гаруй жил зурсан маань л тэр чигтээ зургийн сургууль юм даа. Одоо бол зуруулсан хүн бүр баярлалаа гэж хэлдэг. Талархал их авдаг. Тэр нь хөгшин надад их сайхан байдаг. Сонирхолтой санагддаг.
Уран бүтээлчид алга ташихаар баярладаг шиг зураач бид талархал авахдаа л их баярладаг даа. Үс багатай сахалгүй хүнийг хоёр минут орчим, сахалтай бол гурван минут орчим зурдаг.

-Таныг тулааны спортыг Монголд хөгжүүлэлцсэн хүмүүсийн нэг гэдгийг хүмүүс сайн мэднэ. Боксын спортоос яагаад гарах болов?
-Би бол тулааны спортын хүн. Боксоо 1980-аад оноос болиод, шүүгч хийж эхэлсэн. Тэр үед олон шинэ тулааны төрлүүд гарч ирж байсан юм. Улмаар сонсогчийн алдар гэж тулааны бүх төрлийг багтаасан спортын төрлийг шүүхээс эхлээд л олон тэмцээн шүүсэн дээ. Сүүлдээ шүүдэг юм маань ч олон болоод, би ч туршлага суугаад, 2000 онд мэргэжлийн олон улсын шүүгч болсон.
41 жил тэмцээн шүүхдээ 38 удаа шилдэг шүүгчийн шагнал авсан байна. Олон ч төрлийн бокс шүүсэн. Шүүгч хийхийн хажуугаар мөн багш, дасгалжуулагч хийдэг байлаа.
Дараа нь бүр тайлбарлагч болоод, олимпын тэмцээн, дэлхийн аваргыг тайлбарласан. Тэгээд 25 жил телевизээр тайлбарлагч, 41 жил шүүгч, багш дасгалжуулагч, тайлбарлагч зэргээр олон ажил хийсэн байна. Шавь нар ч олон болсон. Хүмүүс эхэндээ боксын Сүхээ л гэдэг байлаа. Одоо бол Тэнгисийн өвөө гэдэг болсон байна. Ингээд бодоод үзэхээр миний туулсан амьдрал их сонирхолтой. Нөгөө талаар хүмүүс их талархалтай ханддаг. Зарим хүмүүс “та чинь бокс л шүүгээд байдаг. Бас зурдаг байсан юм уу” гэх нь олон.

-Эргээд боксын спортдоо ормоор санагддаг уу?
-Залуучууд байхад би тайлбарлах гэж гүйгээд яах вэ, шүүх гэж гүйгээд яах вэ гээд ер нь болих талдаа байгаа. Зургийг багаасаа сонирхсон. Миний үндсэн хобби. Хүнд ч нас гэж юм бас бий. Өдий насан дээр зургаа зураад суувал нэг талдаа илүү сонирхолтой. Одооны олон тулааны төрөлд багшилж байгаа, сургууль төгссөн, төгсөөгүй олон хүмүүс дунд орох гээд яах вэ. Зүгээр тусалж, дэмжээд өгье гэсэн юм боддог. Тулаан шүүвэл шүүх л байх. Гэхдээ залуу хүмүүс дундуур буурал толгойтой өвгөн би дайраад яах вэ гэж боддог. Бас энд суугаад зурах нь, хүмүүсээс талархлын үг сонсох нь одоо илүү сайхан байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.