В.Путин, Ши Жиньпин хоёр “Сибирийн хүч-2” хийн үнийн талаар тохиролцож чадаагүй гэж Reuters агентлаг мэдээлжээ

В.Путин, Ши Жиньпин хоёр “Сибирийн хүч-2” хийн үнийн талаар тохиролцож чадаагүй гэж Reuters агентлаг мэдээлжээ

Монгол Улсын газар нутгаар дамжина гэж буй ОХУ-аас БНХАУ-д хүрэх “Сибирийн хүч-2” хийн хоолой барих олон тэрбум ам.долларын өртөгтэй төслийн гол параметрүүдийн талаар одоогоор бүрэн тохиролцоонд хүрч чадаагүй байна гэж Moscowtimes.ru мэдээлжээ. 

В.Путин болон “Газпром”-ын зүгээс уг хэлэлцээ “хууль ёсны хүчинтэй” гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр үнэ, хөрөнгө оруулалт болон нийлүүлэлт, эхлэх хугацаа зэрэг чухал асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр, В.Путин есдүгээр сард Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй хий нийлүүлэх үнийн талаар тохиролцож чадаагүй. “Сибирийн хүч-2” хоолойгоор жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах төлөвлөгөөтэй байгаа ч төслийн хөрөнгө оруулалтын нөхцөл болон барилгын ажлын хугацаа тодорхойгүй байна гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, "хэлэлцээр ирэх онд эцэслэгдэх ч хийн хоолойг бүрэн ашиглалтад оруулахад дор хаяж 5 жил шаардагдах бөгөөд хүчин чадалдаа хүрэхэд дахин 5 жил орчим хугацаа хэрэгтэй" гэжээ. Одоогоор “Газпром” 2019 онд ашиглалтад орсон “Сибирийн хүч-1” хоолойгоор Хятад руу жилд 38 тэрбум шоо метр хий экспортолж байгаа бөгөөд 2027 оноос Алс Дорнодын шинэ чиглэлээр жил бүр 12 тэрбум шоо метр хий нэмж нийлүүлэхээр төлөвлөж байна

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр, энэ онд “Газпром”-ын Хятадад нийлүүлж буй хийн дундаж үнэ мянган шоо метр тутамд 248 ам.доллар байгаа нь бусад орнуудын хэрэглэгчдийн төлдөг 402 ам.доллараас 38 хувиар бага байна. Ирэх онд уг үнэ 240 ам.доллар болж буурахаар төсөвт тусгагдсан бөгөөд энэ нь бусад зах зээлийн үнээс 37 хувиар доогуур үзүүлэлт аж.

Украин дахь дайны дараагаас Оросын Европ руу хийдэг хийн экспорт 12 дахин буурч, Хятад руу нийлүүлж буй хэмжээ урьд нь Европт нийлүүлж байсан хэмжээгийн тавны нэгтэй тэнцэж байна. 2025 оны эхний хагаст “Газпром” Европын зах зээлд ердөө 8.8 тэрбум шоо метр хий нийлүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 16 тэрбумд хүрэх төлөвтэй. Энэ нь 1970-аад оны эхэн үеэс хойш хамгийн бага түвшин юм.

Жишээлбэл, 1975 онд Орос Европт 19.3 тэрбум шоо метр хий экспортолж байсан бол 1980 онд Германтай байгуулсан гэрээний дараа 54.8 тэрбум шоо метр болж өсч байв. Харин Украин дахь дайны өмнө буюу 2021 онд “Газпром”-ын Европ руу нийлүүлэлт 200 тэрбум шоо метрийн дээд хэмжээнд хүрч байсан байна. 

Эх сурвалж: Moscowtimes.ru