Филиппиний төв хэсэгт өчигдөр /2025.09.30/ орой 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 60 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадсан гэж тус улсын Үндэсний иргэний хамгаалалтын газар мэдээлжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар орой 22 цагийн үед Себу мужийн Бого хотын ойролцоо болж, сүм, сургууль, спортын байгууламж болон худалдааны төвүүдэд ноцтой хохирол учруулсан байна. Сан Ремигио хотод спортын цогцолбор нурж, гал сөнөөгч, эргийн хамгаалалтын ажилтан зэрэг дор хаяж 13 хүн эндсэн байна.
Себу мужийн олон хотод барилга нурж, зам гудамж хог хаягдлаар дүүрч, цахилгаан тасалдсан бол зарим сургуулиудыг нүүлгэн шилжүүлжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт гүехэн байсан тул чичиргээ хүчтэй мэдрэгдсэн байна.
Себу мужийн амбан захирагч Пам Барикуатро “Тусламжийн ажиллагаа үргэлжилж байна, иргэд тайван байх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн тамгын газар гамшгийн бүс рүү яаралтай тусламж илгээхээ зарласан байна. Филиппин нь газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөртэй Номхон далайн “Галын цагираг”-т байрладаг бөгөөд ойрын жилүүдэд хүчтэй газар хөдлөлтүүд давтагдан тохиолдсоор байгаа аж.
Эх сурвалж: CNN