Индонезийн Гамшгаас хамгаалах үндэсний албаны аврах багууд Зүүн Ява мужийн Сидоаржо хотод байрлах исламын дотуур байртай сургууль нурсны дараа нуранг дотроос хоёр дахь өдрөө гацсан оюутнуудыг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тодруулбал, 100 жилийн түүхтэй Аль Хозини сургуулийн барилга даваа гараг /2025.09.29/-т оюутнууд мөргөл үйлдэж байх үед гэнэт нуржээ. Индонезийн Гамшгаас хамгаалах үндэсний албаны мэдээлснээр, одоогоор 91 хүн сураггүй, 3 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан байна. Нурангид амьд үлдсэн зургаан хүнийг олж, тэдэнд хоол, ус болон хүчилтөрөгч дамжуулж байгаа талаар мэдээлжээ. Гэсэн ч барилгын тогтворгүй байдал аврах ажиллагааг хүндрүүлж, хүнд техник ашиглахад эрсдэл дагуулж байгаа тул аврагчид гар аргаар нүх ухаж, амьд үлдсэн хүмүүст хүрэхийг оролдож байгаа аж.
Сүйрэл болсон газарт цөхрөнгөө барсан гэр бүлүүд цугларч, сураггүй болсон хүүхдүүдийн нэрсийг байршуулжээ. Ихэнх сурагчид нь 12-18 насны хөвгүүд байсан бөгөөд тэд мөргөлийн танхимд залбирч байжээ. Харин аврагчид нуранги дор хэд хэдэн цогцос байгааг харсан ч эхний ээлжинд амьд үлдсэн хүмүүсийг аврахад төвлөрч байгаа аж.
Эрх баригчдын мэдээлснээр, осол гарах үед мөргөлийн танхимд барилгын ажил хийгдэж байсан байна. Барилгын 4 давхарт бетон цутгаж байсан нь суурь бүтцийн даацнаас хэтэрч, улмаар нурсан гэж үзэж байна. Мөн уг ажил нь барилгын зөвшөөрөлгүй явагдаж байсан нь тогтоогджээ.
Эх сурвалж: CNN