Германы Ерөнхий прокурорын газраас "Хойд урсгал" хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж буй Украины иргэн Ж.Владимирыг Европын тушаалын дагуу өчигдөр /2025.09.30/ Варшавын ойролцоо баривчилсан болохыг баталсан байна.
Прокуроруудын мэдээлснээр түүнийг "мэргэжлийн шумбагч" хэмээн тодорхойлж, Германы эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгаж байгаа гэжээ. Учир нь тэрээр 2022 оны есдүгээр сард Борнхольм хотын ойролцоох Хойд урсгал-1, Хойд урсгал-2 хийн хоолойд тэсрэх бөмбөг суурилуулсан бүлэг хүмүүсийн нэг байсан бөгөөд тэрээр шаардлагатай шумбалтад оролцсон гэжээ.
Германы Ерөнхий прокурорын газар мэдээлэлд, "Ж.Владимирыг Польшоос шилжүүлэн авсны дараа Германы Холбооны Дээд шүүхийн өмнө авч ирнэ" гэжээ. Өмнө нь Польшийн хэвлэлүүд мэдээлэхдээ, шилжүүлэн өгөх ажиллагаа ойрын үед эхэлнэ гэж байсан. Харин баривчлагдсан этгээдийн өмгөөлөгч Тимотеуш Папроцкий “түүнийг Германд шилжүүлэн өгөх хууль ёсны үндэслэл байхгүй” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC