АНУ-ын Мичиган мужийн сүм рүү өнөөдөр /2025.09.29/ зэвсэглэсэн этгээд автомашин жолоодож, гал нээж, барилгыг шатаасны улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар BBC агентлаг мэдээлжээ.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, "Детройт хотоос баруун хойд зүгт 100 км-ын зайд орших Гранд Бланк дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд халдсан хэрэг орон нутгийн цагаар Ням гараг /2025.09.28/-т болсон байна. Тус хэргийн сэжигтэн Мичиган мужийн Бертон хотын иргэн 40 настай Томас Жейкоб Санфорд гэгчийг сүмийн автомашины зогсоол дээр цагдаа нар буудан хөнөөсөн" гэжээ.
Цагдаа нар тус хэргийг "зорилтот хүчирхийллийн үйлдэл" хэмээн шалгаж байгаа ч сэдэл нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Мөн галын улмаас барилгад их хэмжээний хохирол учирсан байна. Харин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн мэдэгдэлд, мөргөлийн үеэр зэвсэгт этгээд гал нээж, "олон хүн шархадсан" болохыг баталжээ.
Эх сурвалж: BBC