Кени улсын шүүх өчигдөр /2025.09.26/ Орос руу хүмүүсийг илгээж, дараа нь Украины дайнд явуулах ажлыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж буй нэгэн цагдаагийн албан тушаалтныг 10 хоног баривчлах шийдвэр гаргасан талаар BBC агентлаг мэдээлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр тус цагдааг Эдвард Камау Гитука гэдэг бөгөөд Кеничүүдийг Орос руу хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг зохион байгуулж, удирдаж байсан хэмээн сэжиглэж байгаа аж. Түүнийг өчигдөр Найроби хотод саатуулсан бөгөөд үүний үр дүнд Орос руу илгээхээр бэлтгэж байсан 22 хүнийг аварсан гэж Кени улсын албаныхан мэдэгджээ.
Э.К.Гитхука болон түүний хамсаатнууд "Орост ажил хийлгэнэ" хэмээн Кеничүүдийг хууран мэхэлж, бодит байдал дээр тэднийг дайны фронт руу явуулж байсан хэмээн буруутгаж байгаа аж.
Украины эрх баригчид өнгөрсөн долоо хоногт олзлогдсон Кенийн иргэн Эванс Кибетийг байцааж буй бичлэгийг нийтэлсний дараа Кенийн эрх баригчид "ажилд оруулна" гэсэн хуурамч зараар Оросын талд дайны фронт руу илгээдэг схемүүдийг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: BBC