“Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформ танилцууллаа

“Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформ танилцууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэнтэй холбогдуулж, Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" таван жилийн хөтөлбөрийн хүрээнд засаглал, эдийн засаг, хүний хөгжил, татвар, ногоон хөгжил, эрчим хүч, хот хөдөө зэрэг 10 салбарт шинэтгэл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Түүнчлэн тэрбээр Засгийн газрын 100 дахь өдрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн санал санаачилга, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлсэн юм.

Ерөнхий сайд мэдээллийн эхэнд шинэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд үүсээд буй геополитикийн амаргүй нөхцөлд ажилласан болохыг хэллээ. Тухайн үед манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ 2 дахин унасан, түүнээс улбаалж төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэл үүссэн. 

Цаашлаад валютын ханш 4000 төгрөгт хүрэх, инфляц 15 хувь руу орох нөхцөл байдал бий болчихсон. Үүнтэй холбоотой нэгдүгээр улирлын байдлаар, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж буурсан, ийм нөхцөлд Засгийн газар ажлаа хүлээж авсан гэж Ерөнхий сайд тодотгосон юм.

Ерөнхий сайд цааш ярихдаа, “Тус нөхцөл байдалтай уялдуулж нэн яаралтай горимоор бид долоо хоногийн дотор хэмнэлтийн тодотголыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлснээр болзошгүй хямралаас сэргийлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа. Тухайлбал, валютын нөөцийг 5,7 тэрбум ам.долларт хүргэлээ. Эдийн засгийн өсөлтийг 2.4-5.6 хувь болголоо. Олон улсын байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг түвшнийг хэвээр хадгаллаа. Өрийн түвшнээрээ долоодугаарт ангилагддаг байсан бол зургаадугаар байрт орж, үнэлгээ сайжирлаа. Үндсэндээ бид тодотголыг үр ашигтай хэрэгжүүлж, 2,2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэлээ.

Үүний зэрэгцээ төрийн өмчийн компаниудын засаглалын шинэчлэлийг эхлүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор хоёр сарын хугацаанд үр ашигтай ажиллагаа 3 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1,6 дахин нэмэгдэв. Зогсонги байдалтай байсан нүүрсний арилжаа сэргэж, 13-17 хувиар нэмэгдлээ. Экспорт өсөж, төлбөрийн тэнцэл  ашигтай гарч эхэллээ. Валютын ханш өсөж, төгрөгийн ханш тогтворжлоо. 

Үүний дараагаар бид төрийн албаны шинэчлэлийг эхлүүлээд байна. Дарга нарын тоог 168-аар, агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр цөөлж, давхардал чирэгдлийг багасгалаа. Түүнчлэн Үндэсний баялгийн санг арвитгах ажлыг эхлүүлээд байна. Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэлийн эхлүүлэх даалгавартай ажиллаж байна.

Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 40 хүртэл хувь болгож нэмлээ. Ган гачигтай байгаа ч өнөөдөр бид “Ургацын баяр”-аа хийж байна. Хар тамхитай тэмцэх албыг шинээр байгууллаа. Авлигатай тэмцэх тэмцлийг бодит үйл хэрэг болгоод байна. Стратегийн ордуудын үр ашгийг иргэддээ хүртээхээр боллоо. Зэсийн шинэ ордыг нээлээ. “Цахимаар  түрүүнд” шинэчлэлийг хэрэгжүүлснээр НӨАТ-ын баримтыг цахимаар бүртгэдэг болох гэж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хиймэл оюуны стратегийг баталлаа. Татварын виртаул бүсийг байгууллаа. Д-Засаг тогтолцоог бий болголоо. Төсвийн шинэчлэлийн хүрээнд, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болголоо. Ингэснээр дөрвөн ам бүлтэй өрх жилийн эцэст 2 сая төгрөгийн буцаан олголтыг нэгдсэн дүнгээрээ авах болно. Боловсролын төсвийг 2 дахин нэмэгдүүлж, хүний хөгжлийн дэмжлээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5,5 дахин нэмэгдүүллээ. Төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж, иргэдийн хяналт дор хэлэлцэж байна. Үүний дараа төсвийн гүйцэтгэлд иргэд үнэлгээ өгдөг тогтолцоонд шилжиж байна. Цаашдаа бид татварын шинэчлэлийг эхлүүлж, татварын бааз суурийг өргөжүүлснээр татварын цогц реформыг хийнэ” хэмээн мэдэгдлээ.