Хар салхины улмаас Тайваны аралд 100 гаруй хүн сураггүй алга болж, Хонконгийн нисэх буудал түр зогсоод байна

Хар салхины улмаас Тайваны аралд 100 гаруй хүн сураггүй алга болж, Хонконгийн нисэх буудал түр зогсоод байна

“Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба 100 гаруй хүн сураггүй алга болоод байна. Эхэндээ орон нутгийн албаныхан олон улсын мэдээллийн агентлагуудад, "30 хүн сураггүй алга болсон" гэж мэдээлж байсан ч, дараа нь сураггүй хүмүүсийн тоо 124 болсон гэжээ.

Даваа гараг /2025.09.22/-т уг хар салхи Филиппин болон Тайванд эрэгт аадар бороо, ширүүн салхи дагуулан ирж, олон мянган хүнийг нүүлгэн шилжихэд хүргэсэн байна. Мөн “Рагаса” хар салхи нь Хятадын өмнөд нутаг, Хонконг, Макао болон Вьетнамын хойд бүсүүдэд аюул учруулж байгаа аж. 

Харин өчигдөр /2025.09.23/ Тайваний Хуалиень мужид хөрсний гулгалтаас болж нуурын далан сэтэрч, үерийн ус ойролцоох Гуанфу хот руу урсаж зарим тосгон үерт автжээ.  Тэгвэл бүс нутгийн хамгийн том нисэх буудлуудын нэг болох Хонконгийн олон улсын нисэх буудал энэ долоо хоногийн Мягмар гараг /2025.09.23/-аас Пүрэв гараг /2025.09.25/ хүртэл бүх нислэгээ зогсоосон байна. 

Эх сурвалж: BBC