Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд үерт өртсөн айлуудтай Хотын дарга Б.Пүрэвдагва болон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Үерт өртсөн иргэдийн төлөөлөл хэлэхдээ, тус бүсийг анхнаасаа үерийн эрсдэлтэй газар байгаагүй бөгөөд 1992 оноос хойш иргэд хүлэмж барьж, хүнсний ногоо тариалан хөгжүүлж ирсэн гэдгийг онцлов.
Тэдний зүгээс “Энэ газар бол үерийн эрсдэлтэй газар биш. Үржил шимтэй сайхан газар. Энд маш олон хүлэмж бий. Үерийн лаг, шавар хүлэмжүүдэд орсноор цаашид ургамал ургуулах боломжгүй боллоо. Манай энэ хавийн иргэд шинэ зүйл хийе гэж хүсэлт өгөхөөр огт зөвшөөрдөггүй. Үер болсон шалтгаан нь далан болон хурдны зам барьсантай холбоотой. Уулнаас буудаг ус хурдны замаар дамжин, хурдтайгаар нэмж орж ирдэг. Ингээд бидний амьдардаг бүс үерийн ам болчихоод байна. 1992 оноос хойш энд амьдарсан иргэд энэ хэсгийг хүлэмж барьж, ногоо тарьж хөгжүүлсэн. Энэ хугацаанд үерийн асуудлыг шийдэж өгөөч гэж хүссээр ирсэн. Өөрөөр хэлбэл, хүний оролцоотойгоор үерийн эрсдэлтэй бүс болчихоод байна. Холбогдох байгууллагууд эдгээр дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөөсэй гэж үнэхээр хүсэж байна. Мөн манай энэ хэсэгт цахилгааны хязгаарлалт маш их. Бараг жилийн дөрвөн улиралд цахилгаангүй байх тохиолдол их байдаг” хэмээн ярьсан юм.
Харин Хотын дарга Б.Пүрэвдагва иргэдийн цахилгаан болон инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэв. Тэрбээр “Тогны асуудал болон инженерийн шугам сүлжээний асуудлыг шийднэ. Хотын зүгээс нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүсийг ариутгах хэрэгтэй байна. Ариутгалын бодисоор хангана” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: