Шигшээ багийн тамирчид 970 мянга орчим төгрөгийн цалинтай байгаа нь М.Лхагвагэрэл, Б.Гончигсүрэн зэрэг тамирчид үндэсний бөхөөр дагнан барилдах шалтгаан болж байна

Шигшээ багийн тамирчид 970 мянга орчим төгрөгийн цалинтай байгаа нь М.Лхагвагэрэл, Б.Гончигсүрэн зэрэг тамирчид үндэсний бөхөөр дагнан барилдах шалтгаан болж байна

Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд таниулдаг цөөхөн хэдэн спортын төрлүүд бий. Зөвхөн олимпын төрлийн спортоор авч үзэхэд манай улс жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага гэсэн дөрөвхөн төрлөөс медаль авч байсан түүхтэй. Тодруулбал, нийт олимпоос авсан 31 медалийн 10-ыг чөлөөт бөхийн тамирчид, 12-ын нь жүдо бөхийн тамирчид долоог нь боксын тамирчид, харин буудлагын тамирчид гурван медаль хүртэж байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэрийг дан ганц олимп төдийгүй олон тэмцээнүүдэд өндөрт өргөж дэлхийд таниулдаг чөлөөт, жүдо бөхийн тамирчид цалин урамшуулал зэргээс шалтгаалан шигшээ багаас гарч үндэсний бөхөөр барилдах тохиолдлууд цөөнгүй байх болжээ.

Үндэсний бөх бол монголын номер нэг спорт гэдэгтэй маргах хүн цөөхөн биз ээ. Энэ жилийн үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны яриа одоог хүртэл намжаагүй, ёстой л нэг найман настай балчраас наян настай буурал хүртэл ам уралдан ярьж байгаа билээ. Энэ бол үндэсний бөхийг ямар олон хүн үздэг вэ гэдгийг илрэл болж байна. Тэгвэл ямар нэгэн спорт ийм олон үзэгчтэй байна гэдэг нь эргээд спортоо хөгжүүлж байдаг. Тодруулбал, олон хүн үзэх тусам хамтрагч байгууллагууд нэмэгдэж тухайн спортод эргэлдэх мөнгөн дүн ихэсдэг. Мөнгө эргэлдэж байгаа спортын орчин нөхцөл сайжирч, тамирчдын цалин өндөр болж өрсөлдөөн ширүүсдэг. Өрсөлдөөн ширүүн өрнөх тусам шинэ үзэгчид нэмэгдэж байдаг. Энэ бол тухайн спортыг үзэгчид үзэж байгаа цагт хэзээ ч зогсохгүй эргэлт юм.

-ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТАМИРЧИД ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГААСАА САРД БАГАДАА 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ-

Үндэсний бөхийн тамирчид маш олон зүйлсээс санхүүждэг болсон учраас зөвхөн бэлтгэлээ хийгээд амьдрах хангалттай боломжтой болсон. Үндэсний бөхийн цол харгалзахгүй дунджаас дээш барилддаг бөхчүүд нэгээс дээш спонсор байгууллагатай хамтарч ажилладаг болсон. Улсын арслан Э.Батмагнай гэхэд л "Эм Си Эс" групп, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ны бөх хэмээн зарлуулсныхаа үр дүнд багадаа сард байгууллага тус бүрээс 3 саяыг авдаг гэж бодоход 9 сая орчим төгрөгийн цалинтай гэсэн үг юм. Бусад бөхчүүдийн хувьд ч гэсэн өөрийн нэрийн өмнө тухайн байгууллагыг зарлуулснаар тодорхой хэмжээний цалин урамшууллыг авдаг билээ.

Байгууллагын зүгээс хамгийн үзэлт өндөртэй спортоор дамжуулан өөрийн байгууллагаа сурталчлуулж байгаа бол бөхчүүд тогтсон цалинтай болж байгаа маш зөв систем юм. Бөхчүүдийн хувьд сар бүр хамтрагч байгууллагуудаас тогтсон цалин авахын сацуу долоо хоног бүр болж байгаа заалны барилдаануудад оролцож бай шагнал хүртэх боломжтой. Өнгөрсөн өвлийн заалны барилдаанд түрүүлэхэд дунджаар 10-15 сая, үзүүрлэхэд 7-10 сая, шөвгийн дөрөвт шалгараад 2-5 сая төгрөгийн бай хүртдэг болсон. Харин бөхчүүдийн хувьд наадмаар өөрийн цолоо ахиулж чадвал нутгаас нь, байгууллагаас ямар өндөр шагнадаг болсныг бид мэддэг болсон. Жишээлбэл, ноднингийн наадамд түрүүлсэн Улсын арслан Э.Батмагнайд наадмын дараа "Эм Си Эс" группээс 1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн түрүү бөх Даян аварга Б.Орхонбаяр "АПУ"-гаас 1 тэрбум төгрөг, "LEXUS 600" маркийн хамт олгосон. Хэрэв энэ мэт үндэсний бөхөөр амжилттай барилдаж чадвал хэнээс ч дутахааргүй сайхан амьдрах боломжтой болсон.

-М.ЛХАГВАГЭРЭЛ, Б.ГОНЧИГСҮРЭН НАР ШИЛДЭГ БӨХЧҮҮД ГЭДГЭЭ БАТАЛЖ  ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ДАГНАН БАРИЛДСАН ДАРУЙДАА ШИНЭ ЦОЛ ХҮРТЛЭЭ-

Гэтэл энэ нь зарим талаараа чөлөөт, жүдогийн шилдэг тамирчид шигшээ багаа орхиж үндэсний бөхөөр дагнаж барилдах гол шалтгаан болж байна. Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ М.Лхагвагэрэлийн хувьд Монгол Улсын чөлөөт бөхийн олимпын дараагийн медалийг авах гол тамирчин гэж байсан ч үндэсний бөхөөр дагнан барилдах болсон.

Түүний хувьд энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээндээ ч зодоглоогүй бөгөөд ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар "Чөлөөт бөхөө нэгэнт орхиж үндэсний бөхөөрөө хичээллэхээр болсон" гэж мэдээлсэн юм.

Тэрбээр энэ жил улсын наадамдаа найм даван Улсын гарди хэмээх цолыг хүртээд байгаа билээ.

Мөн адил нэг жишээ байгаа нь жүдо бөхийн +100кг жингийн монголын ирээдүй гэгдэж байсан Б.Гончигсүрэн жүдо бөхөө орхиж байгаа бололтой. Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсад 2028 оны олимпын эрхийн оноо цуглуулах хамгийн эхний тэмцээн "Улаанбаатар Их дуулга" зохиогдсон. Орон орны шилдэг тамирчид ирж барилдсан энэхүү тэмцээнд Б.Гончигсүрэн барилдаагүй өнжсөн нь үндэсний бөхөөрөө дагнан хичээллэхээр нэгэнт шийдсэн байж магадгүй гэж олон хүн таамаглаж байгаа. Зөвхөн үндэсний бөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн тэрээр цэргийн заан, аймгийн арслан, Улсын начин гэх гурван цолыг хоёрхон сарын хугацаанд хүртэж амжсан юм.

-970 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ТАМИРЧДААС БИД ӨНДӨР АМЖИЛТ ШААРДАХ НЬ ШУДАРГА БУС-

Эдгээр тамирчид чөлөөт, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байснаас үндэсний бөхийн тамирчин болсон нь санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй бэлтгэлдээ төвлөрч илүү амжилт гаргахад нөлөөлж байгаа учраас буруутгахын аргагүй.

Чөлөөт, жүдо бөхийн шигшээ багийн тамирчид сард 970 мянга орчим төгрөгийн цалинтай.  Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байдаг.

Эдгээр тамирчид үнэхээр сарын 970 мянган төгрөгөөр зөвхөн бэлтгэлээ хийж чадах уу гэвэл үгүй л болов уу. Бараг л нэг сард уудаг витамин, уурагны мөнгөөрөө цалинждаг болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос хойш олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон юм. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон байдаг.

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөг
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөг
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр олгодог байна.

Гэвч сарын 970 мянган төгрөгийн цалинтай манай улсын тамирчид бусад орны санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийдэг тамирчидтай өрсөлдөөд медаль авч энэ урамшууллыг хүртэнэ гэдэг "хэцүү даалгавар" болж байна. Энэ мэт шигшээ багийн тамирчдад санхүүгийн олон асуудал тулгардаг болсноос шалтгаалан эрэгтэй хүнд жингийн шилдэг тамирчид үндэсний бөхийг сонгон хичээллэх болжээ.




Таанагүй говь

20 цагийн өмнө