АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд ой, хээрийн түймэр эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан 60 мянга орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан талаар орон нутгийн албаныхан ням гарагт мэдээллээ.
Спокан бүсэд нэгэн зэрэг дэгдсэн гурван түймэр хотын ойролцоох суурьшлын бүсүүдийг заналхийлж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 2,180 га талбай шатаж, 600 орчим орон сууц, аж ахуйн нэгж зэрэг барилга байгууламж сүйдээд байна. Споканы Гал түймэртэй тэмцэх газрын дарга Том Уильямсын мэдээлснээр, түймрийг бүрэн хяналтдаа авч чадаагүй бөгөөд хүчтэй салхи, хуурай цаг агаар галын тархалтыг улам эрчимжүүлж байгаа аж. Одоогоор хүний амь нас эрсэдсэн болон бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Спокан хотын захирагч Лиза Браун уг түймрийг "манай бүс нутагт тохиолдсон хамгийн хүнд байгалийн гамшиг" хэмээн тодорхойлжээ.
Түймрийн улмаас бүс нутгийн 10 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон байна. Эрчим хүчний Avista Utilities компанийн мэдээлснээр, цахилгаан дамжуулах шугам болон дэд бүтцэд учирсан хохирлыг тогтоож, сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа аж.
Албаныхны мэдээлснээр, Вашингтон мужийн хэмжээнд нийт 101 мянга гаруй га талбай түймэрт өртөөд байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн халуун, хуурай цаг агаарын улмаас нөхцөл байдал улам хүндэрчээ. Үүнтэй холбогдуулан Вашингтон мужийн захирагч Боб Фергюсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Холбооны Онцгой байдлын удирдлагын агентлаг (FEMA)-аас тусламж хүссэн байна. Мөн мужийн хэмжээнд онц байдал зарлаж, түймэртэй тэмцэх ажиллагаанд холбооны байгууллагуудын дэмжлэг авах хүсэлт гаргажээ.
Эх сурвалж: Reuters