АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.09.07/ ХАМАС бүлэглэлд “сүүлчийн анхааруулга” өгч, Газын зурваст энхийн хэлэлцээрийн талаарх Америкийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.
Д.Трамп өөрийн Truth Social сүлжээндээ, “Бүгд л барьцаалагдсан хүмүүсийг гэртээ харихыг хүсэж байна. Бүгд л энэ дайныг дуусахыг хүсэж байна. Израиль миний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Одоо ХАМАС тэдгээрийг хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Би татгалзвал ямар үр дагавартайг ХАМАС-д анхааруулсан. Энэ бол миний сүүлчийн анхааруулга, үүнээс өөр дахин байхгүй” гэжээ.
Энэ нь Д.Трампын ХАМАС бүлэглэлд хандан өгсөн анхны “сүүлчийн анхааруулга” биш юм. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр ХАМАС бүлэглэлээс Газын зурваст барьцаалж буй бүх хүнийг нэн даруй суллах, мөн Газаас гарч явахыг шаардсан билээ.
Тухайн үед Д.Трамп, “Энэ бол та бүхний сүүлчийн анхааруулга. ХАМАС-ын удирдагчдад хэлэхэд одоо Газыг орхих хамгийн тохиромжтой цаг. Одоо л боломжтой. Мөн Газын оршин суугчдад хандаж хэлэхэд, та бүхнийг гэрэлт ирээдүй хүлээж байна. Гэхдээ хэрэв та нар барьцаалагдсан хүмүүсийг суллахгүй бол та нар үхнэ” гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: BBC