Оросын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2025.09.03/ Бээжинд хэлсэн үгэндээ, "Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах боломжийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн ч ийм уулзалт нь бараг утгагүй, Орос улс дайн хийхэд бэлэн хэвээр байна" хэмээн тайлбарласан байна.
В.Путин хэвлэлийн бага хурал дээр, "Ерөнхийд нь авч үзвэл би ийм уулзалтыг хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Харин ийм уулзалтууд утга учиртай юу" гэжээ. Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг В.Путин дахин “хууль ёсны биш” ерөнхийлөгч гэж нэрлэснийхээ дараа түүнийг Москва хотод хүлээн авч болно дурдсан байна.
Тэгвэл Украины тал аль хэдийнээ Москваг хоёр талын уулзалтын газар болгон хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлээд байгаа юм.
Харин өчигдөр Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига хийсэн мэдэгдэлдээ, "В.Путин санаатайгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл санал болгож, “зүгээр л бүх хүний толгойг эргүүлж байна” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: BBC