Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт Хятадын нийслэл Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ, цэргийн жагсаал боллоо.
Энэ удаагийн ёслолын арга хэмжээ “Түүхийг дурсаж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг бүтээе” уриан дор зохион байгуулагдаж байна. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар гадаадын 26 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн нар тэмдэглэлт арга хэмжээнд оролцлоо. Хятадын засгийн газрын урилгаар зарим орны парламентын дарга, ерөнхий сайдын орлогч, дээд түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүн, засаг төрийн удирдагч асан зүтгэлтэн нар уг арга хэмжээнд оролцжээ. Түүнчлэн БНХАУ-д суугаа гадаадын Элчин сайд, цэргийн атташ, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон ОХУ, АНУ, Их Британи, Франц, Канад зэрэг 14 орны 50 гаруй найрсаг хүмүүс буюу тэдний гэр бүлийн төлөөлөл ч урилгаар оролцов.
Баярын жагсаал өглөө 09:00 цагт эхэлж 1 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд жагсаалд Хятадын Ардын Чөлөөлөх армийн нийт 10 мянган цэрэг, 100 нисэх онгоц, хэдэн зуун газрын зэвсэг техник тоног төхөөрөмж оролцсон байна.