АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Орос, Украины хооронд хоёр талын уулзалт болох эсэхэд эргэлзэж байгаа ч Америк, Орос, Украины гурван талын уулзалт заавал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр Daily Caller сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Гурван талын уулзалт болно. Харин хоёр талын уулзалтын тухайд хэлж мэдэхгүй байна. Та нар мэднэ, заримдаа хүмүүс үүнд бэлэн байдаггүй” гэжээ. Орос, Украины дайны талаар ярихдаа Д.Трамп хүүхдүүдийн тоглоомын талбай дээрх зөрчлийг жишээ болгон татсан байна.
Тэрээр, “хоёр хүүхэд тоглоомын талбай дээр нэгнээ үзэн ядаж, хоорондоо зодолддог. Та тэднийг зогсоохыг хүссэн боловч тэд үргэлжлүүлсээр байдаг. Удалгүй өөрсдөө зогсоход бэлэн болно. Энэ бараг л адилхан. Заримдаа тэднийг зогсоохын өмнө бага зэрэг тэмцэлдүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ удаан үргэлжилж байна. Маш олон хүн амь үрэгдсэн” хэмээн Д.Трамп онцолжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдохоосоо өмнө, "24 цагийн дотор Украины дайныг зогсооно” гэж амласан. Гэвч сүүлд нь энэхүү амлалтыг хэрэгжүүлэхэд амаргүйг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: BBC