ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын дээд хэмжээниий уулзалтад оролцохоор БНХАУ-д очоод байгаа бөгөөд тус улсын удирдагч Ши Жиньпинийг Оросоос илүү их эрчим хүчний нөөц худалдаж авахыг ятгахаар болсон талаар Moscowtimes.ru мэдээлжээ.
Тус мэдээлэлд, "Гэвч В.Путиныг Москвагаас Бээжин рүү явахаас өмнө түүний онцлон дэмжиж ирсэн “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төсөл дахин хэрэгжих боломжгүй болох нь тодорхой болсон байна. Харин Хятад одоо ажиллаж байгаа Сибирийн хүч-1 хоолойгоор хий дамжуулах хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх хувилбарыг авч үзэж байгаа ч энэ нь зөвхөн дараагийн 10 жилээс хэрэгжиж эхлэх боломжтой.
Эрчим хүчний асуудал энэ долоо хоногт В.Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол сэдвийн нэг байх бөгөөд 13.6 тэрбум ам.долларын өртөгтэй, жилд 50 тэрбум м³ хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч-2”-ын хэлэлцээ мухардсан талаар салбарын хоёр эх сурвалж Reuters агентлаг мэдээлжээ. Тэдний хэлснээр уг төсөлд ахиц гарна гэж найдахгүй байгаа бөгөөд үүний оронд Хятад 38 тэрбум м³ хүчин чадлаараа дүүрэн ажиллаж буй анхны “Сибирийн хүч-1”-ийг өргөтгөхийг санал болгосон байна.
Орос, Хятад хоёр 10 гаруй жил “Сибирийн хүч-2”-ийн асуудлыг хэлэлцэж байгаа ч хийний үнэ болон шинэ хоолойн санхүүжилт дээр тохиролцоогүй хэвээр байна. Үүний оронд Хятадын CNPC компани жилд 6 тэрбум м³-ээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг санал болгосон бөгөөд Reuters агентлагийн тооцоогоор хэрэв энэ хэрэгжвэл “Газпром”-д жил бүр 1.5 тэрбум ам.долларын орлого авчирна.
Харин Европын зах зээл дээр өнгөрсөн баасан гарагт 1000 м³ хий 391 ам.доллар байсан. Гэхдээ “Газпром” Европ дахь урт хугацааны гэрээнүүдээ алдсан тул тэр үед үнэ нь ихэвчлэн спотын зах зээлийнхээс доогуур байсан.
CNPC болон “Газпром” нэмэлт нийлүүлэлтийг 2031 оноос л эхлэх талаар хэлэлцэж байгаа тухай Reuters агентлагт Бээжингийн салбарын эх сурвалж мэдэгдсэн байна. Бас нэгэн Хятадын менежерийн хэлснээр төрийн PipeChina компани дотоодын хоолойн сүлжээг өргөтгөж нэмэлт хий хүлээн авах боломжийг судалж байгаа аж. Барилгын ажил 2026 оны хоёрдугаар хагасаас эхэлж магадгүй гэсэн. Бээжин эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс ганц нийлүүлэгчээс хэт хараат болохоос болгоомжилж байна" гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: Moscowtimes.ru