В.Зеленский: Бид аюулгүй байдлын баталгааны талаар ярилцсан. Энэ бол дайныг зогсоох эхлэлийн цэг юм

В.Зеленский: Бид аюулгүй байдлын баталгааны талаар ярилцсан. Энэ бол дайныг зогсоох эхлэлийн цэг юм

Өнөөдөр /2025.08.19/ АНУ-ын Цагаан ордонд Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын орнуудын удирдагчдийн уулзалт болсон нь олон улсын хэвлэлүүдийн анхааралд байна. Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн Х хуудастаа, энэхүү уулзалтын талаар мэдээлэл нийтэлжээ. 

Тэрбээр, "Өнөөдөр Вашингтонд чухал хэлэлцээрүүд боллоо. Бид Ерөнхийлөгч Д.Трамптай олон асуудлаар ярилцсан. Энэ бол тулааны талбар дахь нөхцөл байдал, энх тайвныг ойртуулах бидний алхмуудын талаар ярилцсан урт бөгөөд дэлгэрэнгүй яриа байлаа. Мөн Европын удирдагчид болон АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн форматтай уулзалт хийсэн. 

Бид аюулгүй байдлын баталгааны талаар ярилцсан. Энэ бол гол асуудал, дайныг зогсоох эхлэлийн цэг юм.

Эдгээр баталгааг дэмжиж, нэг хэсэг байхад АНУ бэлэн байгаа тухай чухал дохиог бид үнэлж байна. Өнөөдөр бидний хүүхдүүдийг эргүүлэн авчрах, Орост хоригдож байгаа дайнд олзлогдогсод, энгийн иргэдийг суллахад ихээхэн анхаарал хандууллаа. Бид энэ тал дээр ажиллахаар тохиролцсон. АНУ-ын Ерөнхийлөгч ч удирдагчдын түвшний уулзалтыг дэмжлээ. Эмзэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ийм уулзалт зайлшгүй шаардлагатай.

Ерөнхийлөгч Д.Трампыг урьсанд болон өнөөдрийн бидний уулзалтыг онцгой хэлбэрээр зохион байгуулж байгаад талархаж байна. Мөн өнөөдөр бидэнтэй хамт байсан бүх удирдагчид болон Эммануэль Макрон, Кейр Стармер, Фридрих Мерц, Жоржиа Мелони, Александр Стубб, Урсула фон дер Лейен, Марк Рютте нарт баярлалаа.

Өнөөдөр Европ, АНУ-ын жинхэнэ эв нэгдлийг харуулсан чухал алхам боллоо. Удирдагчид Украиныг дэмжиж, биднийг энх тайванд ойртуулах, Украин болон бүх Европыг хамгаалах найдвартай аюулгүй байдлын архитектурт ойртуулах бүх зүйлийг хэлэлцэхээр биечлэн ирсэн. Бид энэ дайныг нэр төртэй дуусгахыг хичээж буй бүх холбоотнуудтайгаа ажлаа үргэлжлүүлж байна. Би тусалж байгаа бүх хүмүүст баярлалаа" гэжээ.