Д.Трамп, В.Зеленский, Европын удирдагчид Украины аюулгүй байдлын баталгаа, гурван талт уулзалтыг хэлэлцжээ

Д.Трамп, В.Зеленский, Европын удирдагчид Украины аюулгүй байдлын баталгаа, гурван талт уулзалтыг хэлэлцжээ

Өнгөрөгч баасан гараг /2025.08.15/-т АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хийсэн Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Европ орнуудын долоон удирдагчид өнөөдөр /2025.08.19/ Цагаан ордонд богино айлчлал хийлээ. 

Д.Трамп, В.Зеленский нарын хоёр талын уулзалт, мөн Европ орнуудын удирдагчидтай өргөтгөсөн хэлэлцүүлгийн үеэр гурван жил хагас үргэлжилж буй Украины дайныг зогсоох арга замыг төвд тавьжээ.

Д.Трамп олон нийтийн сүлжээнд мэдэгдэхдээ, В.Зеленский, В.Путин нарын уулзалтын бэлтгэлийг эхлүүлсэн гэж мэдэгдсэн. Хоёр талын уулзалт болсон тохиолдолд цаашид гурван талт хэлэлцээр зохион байгуулах талаар ажиллаж буйгаа илэрхийллээ. В.Зеленский ч мөн хэвлэлийн бага хурлын үеэр “ямар ч форматад” В.Путинтай уулзахад бэлэн гэдгээ нотолсон байна. 

Тэгвэл Цагаан ордонд өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр Украины аюулгүй байдлын баталгааны хүрээнд Европын санхүүжилтээр 90 тэрбум ам.долларын америк зэвсэг худалдан авах төлөвлөгөө багтсан талаар В.Зеленский мэдээлсэн.

Түүнчлэн Украинд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцнуудын заримыг АНУ худалдан авах асуудал ярилцагдаж байгаа ч албан ёсны тохиролцоонд хараахан хүрээгүй байна. Энэ гэрээг ойрын 7-10 хоногт баталгаажуулах төлөвтэй байгаа талаар В.Зеленский хэлжээ. 

Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хамт Украины Оросуудад эзлэгдсэн бүс нутгийг харуулсан газрын зураг дээр удаан ярилцсан тухайгаа онцолсон байна.

Гэсэн ч НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Украины нутаг дэвсгэрийг дахин зурах асуудлыг энэ удаад хэлэлцээгүй гэж мэдэгджээ. Харин энэ асуудлыг В.Зеленский, В.Путин нарын боломжит гурван талт уулзалтад авч үзэхээр тэд санал нэгдсэн байна.

Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Европын орны удирдагчид Цагаан ордны уулзалтын үеэр Оросын удирдагчидтай холбоо тогтоох, шийдвэрийг нь Д.Трамп руу уламжлах асуудлыг “зохицуулсан” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө