Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2025.08.19/ Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. В.Зеленскийн хэлснээр ОХУ-ын тал эхлээд Украин, Оросын хоёр талын уулзалт, дараа нь гурван талт уулзалт хийх саналыг тавьжээ.
Тэрээр, “Тийм ээ, миний хэлсэнчлэн бид удирдагчдын түвшинд ямар ч форматад бэлэн байна. Тиймээс бид хоёр талын уулзалтад бэлэн гэдгээ би баталж, Европын бүх удирдагчид намайг дэмжсэн” хэмээн онцолжээ.
Мөн В.Зеленский хамгийн эмзэг асуудал болох газар нутгийн талаар ярихдаа, “Газар нутгийн асуудлыг зөвхөн В.Путин бид хоёрын хооронд л хэлэлцэх болно” гэж мэдэгджээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлэхдээ, “ОХУ-ын тавьж буй шаардлага болох Украины газар нутгийн буултыг хэлэлцээгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC