АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай утсаар ярьж, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хийх уулзалтын бэлтгэл ажил албан ёсоор эхэлснийг мэдэгдсэн байна.
Д.Трамп Цагаан ордонд болсон уулзалтын дараа хэвлэлд хандан, “Би ерөнхийлөгч В.Путинтай утсаар холбогдож, ерөнхийлөгч В.Путин, ерөнхийлөгч В.Зеленский нарын хооронд хийх уулзалтын бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Уулзалтын газар одоогоор тодорхой болоогүй байна. Энэхүү уулзалтын дараа гурван талт хэлэлцүүлэг өрнөх бөгөөд түүнд бид гурвуулаа буюу хоёр Ерөнхийлөгч болон би оролцоно” гэжээ.
Д.Трамп Цагаан ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр “Европын орнууд АНУ-тай хамтран Украины аюулгүй байдлын баталгааг хэлэлцсэн” талаар онцлон тэмдэглэсэн байна. Мөн В.Путин, В.Зеленский нарын уулзалт хоёр долоо хоногийн дотор болж магадгүй гэж Германы канцлер Фридрих Мерц Цагаан ордонд хийсэн хэлэлцээний дараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC