Энэ онд 20 цэцэрлэг, сургууль ашиглалтад орно

Энэ онд 20 цэцэрлэг, сургууль ашиглалтад орно

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн байна. Нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оржээ. Энэ онд 20 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлт санхүүжилт гарган 11 сургууль, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг эхлүүлжээ. Энэ онд сургууль, цэцэрлэг, зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртжээ.  Үүнээс 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, зогсоол барьсан байна. 2020–2024 онд Улаанбаатар хотод 114 цэцэрлэг, 45 сургуулийн барилга ашиглалтад орсон. Энэ онд өмнөх жилүүдэд хугацаандаа ашиглалтад ороогүй 30 барилга дээр тусгай арга хэмжээ авч ажиллаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн ЕБ-ын сургуулиудад 296 хүүхдийн автобус үйлчилгээнд явж, техникийн хяналт, оношилгоонд хагас жил тутамд хамруулдаг. Мөн багш, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулжээ.