БНСУ-ын Пёнчан хотод болж буй дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хоёр хүрэл медаль хүртлээ.
БНСУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны залуучууд, насанд хүрэгчдийн 100 гаруй тамирчид өрсөлдөж буй тус тэмцээнээс Б.Ачбадрах, Н.Нандинцэцэг нар анхны медалиа авлаа. 15 км тэшилт техникийн эрэгтэйчүүдийн уралдаанд Б.Ачбадрах хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүллээ.
Энэ уралдаанд 52 тамирчин уралдсанаас БНСУ-ын тамирчид алт, мөнгөн медалийн эзэд боллоо. Манай тамирчдаас Т.Өсөх-Ирээдүй 9, О.Золбаяр 14, А.Хүслэн 24-р байр эзэллээ. 10 км тэшилт зайн уралдааны эмэгтэйчүүдийн ангилалд Тайваний тамирчин Велисер Сопиа Цу аваргын алтан медаль хүртсэн бол БНСУ-ын Хан Дасом мөнгө, Монголын тамирчин 18 настай Н.Нандинцэцэг хүрэл медалийн эзэн боллоо. Мөн Э.Ариунтунгалаг дөрөв, Т.Ариунболд долоо, Б.Номин-Эрдэнэ есдүгээр байр эзэллээ. Нийт 24 тамирчин уралдсанаас манай дөрвөн тамирчин эхний 10-т багтаж, нэг тамирчин хүрэл медаль хүртлээ. Э.Ариунтунгалаг өчигдөр болсон ойрын зайд болон өнөөдөр болсон 10 км тэшилт зайн уралдаанд дөрөвдүгээр байр эзэллээ. “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын баг хоёр хүрэл, хоёр дөрөвдүгээр байр эзэлсэн амжилттай үргэлжлүүлж байна. Тэмцээн маргааш холын зайн уралдаанаар өндөрлөнө.