БНХАУ-ын иргэд, Монгол Улсын иргэдтэй бүлэглэн өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэрэгт холбогдсон БНХАУ-ын хоёр иргэн өдгөө цагдан хоригдож байгаа бол Монгол Улсын хоёр иргэн гадуур буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж.
Тодруулбал, яллагдагч А.Даянтөмөр, А.Тэнгис нар нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах болон яллагдагч БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч А.Даянтөмөрийг яллагдагч А.Тэнгистэй, яллагдагч А.Тэнгисийг яллагдагч А.Даянтөмөртэй, мөн хохирогч хятадын иргэн З.Л нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа юм байна. Харин БНХАУ-ын иргэн яллагдагч Лиү Бөүвин, Шүй Ханмин нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж. Учир нь "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж, барьцаалан, улмаар бусдын амь насыг хөнөөсөн гэмт хэргийг үйлдэх санааг анх яллагдагч БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин гаргаж, Шүй Ханмин, А.Тэнгис А.Даянтөмөр нартай урьдчилан тохиролцож, Лиү Бөүвин, Шүй Ханмин, А.Даянтөмөр нар удирдан зохион байгуулж, гүйцэтгэж, А.Тэнгис нь гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж, хамжигчаар оролцсон гэж үзэж байгаа аж.
-БНХАУ-ЫН ИРГЭНИЙГ БУУДАЖ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН Ч ДАХИН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ-
Улмаар тухайн хэрэгт нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах: өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.02/ хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан юм. Ингэхдээ шүүхээс "Гэмт хэргийн оролцоог ялгах ёстой. Прокуророос хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй. Хэргийн газраас хураагдсан 8 ширхэг сумыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл мөн эсэхийг бүрэн тодорхойлоогүй учир шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай" хэмээн үзсэн аж.
Гэсэн прокуророос тус хэрэгт эсэргүүцэл бичиж, энэ дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэлэлцээд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байна. Одоогоор тус хэргийг хэлэлцэх тов гараагүй байгаа юм.