Бусдыг захиалгаар алуулж, оргон зайлсан байхад нь Монголд авчирч, 20 жилийн хорих ял оноосон Ё.Баттөгсийн ялыг хэвээр үлдээлээ

Бусдыг захиалгаар алуулж, оргон зайлсан байхад нь Монголд авчирч, 20 жилийн хорих ял оноосон Ё.Баттөгсийн ялыг хэвээр үлдээлээ

"Шувуу" ажиллагаагаар Монголд авчирч байсан Ё.Баттөгсийг "Бусдыг захиалгаар алуулсан" хэмээн 20 жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монгол Улсын иргэнийг өнгөрсөн оны долдугаар сарын 11-ний /2024.07.11/ өдөр ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Инторполын Үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь албадан авчирч байсан билээ.

Улмаар түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл Ё.Баттөгсөд холбогдох хэргийг шүүх хурал энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр /2025.05.05/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс Ё.Баттөгсийг хүнийг захиалгаар алуулсан гэм буруутайд тооцож, түүнд 20 жилийн хорих ял оноосон байдаг. Харин Ё.Баттөгс нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.08.05/ хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт холбогдсон Ё.Баттөгст хоёр шатны шүүх 20 жилийн хорих ял оноов.