Говь-Алтай аймгийн Есөн булаг сумд наймдугаар сарын 2-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарч, хэсэгчилсэн хөл хориог цуцалжээ.
Тодруулбал, Бугат сумд очиж, тарваганы мах идсэн иргэн Есөнбулагт ирсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд уг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шинжилгээний сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээж, Бугат болон Есөнбулаг сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, тухайн өдрийн 17.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоосон аж. Тэгвэл энэ асуудлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Наймдугаар сарын 2-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сорьцод шинжилгээ хийхэд үгүйсгэгдсэн буюу сөрөг гарсан. Иймд хөл хориг цуцалсан” гэв