Өнгөрсөн долоо хоногт баавгай айлын гэрт халдаж, хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Гэвч энэ бол гэнэт бий болсон асуудал биш. Баавгай суурин газарт үзэгдэх болсноос хойш олон сар өнгөрч, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа хөндсөн ч бодит шийдэл хүлээгдсээр ирэв.
Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн зүүн аймгуудад баавгай үзэгдэх болсон. Энэ үеэс л асуудлыг урьдчилан шийдвэрлэх, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тавигдсан юм. Гэвч аюул бодит хохирол дагуулсны дараа л хуулийн зохицуулалтыг өөрчлөх асуудал хөндөгдөж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, тус хуулийн 25.7-д заасан “Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн зохицуулалтад “хүрэн баавгай” гэдгийг нэмж тусгах юм байна. Ингэснээр хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар хүрэн баавгай агнасан тохиолдолд хуулийн 25.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарахгүй байхаар өөрчлөх санал дэвшүүлж байгаа аж.
Уг нь ховор амьтантай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг бууруулах бодлого боловсруулах нь салбарын яамны хийх ёстой ажлын нэг. Гэтэл баавгайг суурин газраас холдуулахын тулд алим, жимс тавьж өгөх тухай ярьж байсан эрх баригчид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах асуудалд дорвитой шийдэл гаргаж чадсангүй. Хүний амь нас хохирсон байхад салбарын сайд Ц.Сандаг-Очир хариуцлага хүлээх нь битгий хэл иргэдээс уучлалт ч хүссэнгүй. Зэрлэг амьтныг хамгаалах нь чухал. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Улсын Онцгой комиссын мэдээлснээр, суурин газарт баавгай үзэгдсэн 550 гаруй тохиолдол бүртгэгдэж, есөн баавгайг агнаж устгажээ. Энэ бол ганц нэг удаагийн тохиолдол бус, олон сарын турш үргэлжилсэн эрсдэл юм. 550 гаруй тохиолдол бүртгэгдэж, есөн баавгайг устгасны дараа хүний амь нас хохирлоо. Харин иргэдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх асуудал одоо л эрчимжиж байна.
Товчхондоо, салбарын сайд нь хугацаанд нь шийдэж чадаагүй асуудлыг УИХ-ын гишүүд санаачилгаараа хөдөлгөж эхэллээ. Чуулганы хуралдааны үеэр ч энэ асуудлаар гишүүд хариуцлага нэхэж байна. Иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн эрсдэлийг урьдчилан тооцоолж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэгтэй салбарын яам яагаад олон сарын турш дорвитой шийдэл гаргаж чадсангүй вэ. Энэ салбарын сайддаа Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй хэвээр л байх уу гэх асуултыг олон нийт асуусан хэвээр байна.