Гурван настай хүүхэд голын усанд живж нас баржээ

Гурван настай хүүхэд голын усанд живж нас баржээ

Урин дулаан зуны дэлгэр цагт хэн хүнгүй л агаар салхи, гол нуурын эрэг бараадаж үр хүүхдээ зугаацуулж, алжаал ядаргаагаа тайлахыг хүснэ. Гэвч энэ үедээ “анхаарал” гэдэг зүйлийг умартчихдаг бололтой. Ганцхан сарын дотор буюу энэ долоодугаар сард 43 хүн гол, нуурын усанд живж харамсалтайгаар амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.

Тухайлбал, энэ сарын 28-ны өдөр “Гачуурт минж үржүүлгийн урд голын усанд хүүхэд живсэн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 3 настай, эрэгтэй хүүхэд голд живж нас барсан байна.

Эцэг эхчүүдээ! Асран хамгаалагчдаа!

Энхрий бяцхан хүүхдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө хариуцлагатай байцгаая. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.