Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” буюу “ЭККО-ФАРМ” төслийн Канад талын захирал хатагтай Дебра Расмуссен тэргүүтэй төлөөлөгчдийг /2025.08.01/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр төлөөлөгчид 2024-2029 оны хооронд хэрэгжих тус төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явц, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар товч танилцуулга хийв. Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг багтааж байгаа билээ. Тодруулбал, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймаг, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Төв аймгийн Борнуур сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Их-Уул сумдад хэрэгжиж буй төслийн хүрээнд бэлчээрийн зүй зохистой менежмент, мал аж ахуйн зөв зохистой ашиглалт, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тал нутгийн экосистемийг хадгалах, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөдөө аж ахуйн инновацын тогтолцооны загварыг хөгжүүлж, орон нутагт нутагшуулан хэрэгжүүлэх чиглэлд төслийн зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байгааг уулзалтын үеэр илэрхийлэв.