СУРВАЛЖИЛГА: Олон улсад “Stop” зураас байдаг бол монголд жолооч нарын ухамсраас болж "Хурд сааруулагч" хийхээс өөр аргагүй байна

СУРВАЛЖИЛГА: Олон улсад “Stop” зураас байдаг бол монголд жолооч нарын ухамсраас болж "Хурд сааруулагч" хийхээс өөр аргагүй байна

Хурд сааруулагчтай холбоотой шүүмжлэл иргэдээс багагүй гардаг. Тэр дундаа хурд сааруулагчийн стандарт шаардлага хангахгүй байгаа болон түгжрэл, автомашины эвдрэл гэмтлийн нэг шалтгаан болж байна гэх шүүмжлэл хөвөрдөг. Өнгөрсөн баяр наадмын амралтын өдрүүдэд ч энэ шүүмжлэл үргэлжиллээ. Тухайлбал, орон нутгийн замд хурд сааруулагч тавих шаардлагагүй гэж иргэд үзсэн юм. Тэгвэл манай улс хурд сааруулагчид ямар стандарт шаардлага тавьдаг, болон мөрдөгддөг стандартын талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

"МАНАЙ УЛСЫН ХУРД СААРУУЛАГЧДАА ТАВЬДАГ СТАНДАРТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН "

Хамгийн сүүлд буюу 2024 оны тавдугаар сарын 22-нд Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар батлагдаж, 2024 оны 06-р сарын 10-аас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн MNS 5968:2009 стандартыг манай улс хурд сааруулагчдаа тавьж байна. Тус стандартыг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн автозамын Доктор, Профессор Р.Болормаагаар ахлуулсан багш нар боловсруулжээ. Тус стандартаар нийтдээ 20 гаруй хурд сааруулагчийн төрлийг нарийн тусгаж өгсөн бөгөөд төрөл тус бүрийг хаана, ямар орчинд байршуулах, ямар стандартыг мөрдөж ажиллах, юунд анхаарах цаашлаад давуу болон сул тал зэргийг зураг болон зөвлөмжийн хамт тусгасан байна.

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн автозамын доктор, профессор Р.Болормаа “Иргэдийн хэлж заншсан хурд сааруулагч гэдэг бол ерөнхий нэршил. Харин бид хурд сааруулагч тус бүрд монгол нэршил өгсөн. Жишээлбэл, нийслэлд хамгийн их байдаг босго шиг огцом бондгор хэлбэртэй хурд сааруулагчийг олон улсад “Speed bump” гэдэг. Харин бид түүнийг хурд сааруулагч босго гэж нэрлэсэн. Хурд сааруулагч босгыг гэхэд нийтийн зориулалттай шулуун замд хэрэглэхгүй. Харин сургууль, цэцэрлэг, байрны орц, гарц, хотхон дотор зэрэгт тавина. Тус хурд сааруулагч 10-15 см өндөртэй, 30-90см урттай байх стандарттай. Ийм босго дээгүүр зорчиход 5-10 км цагаас илүү хурдтай автомашины зорчигчдод тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл гэмтэх эрсдэл бий. Ийм учир шулуун замд тавьдаггүй. Энэ бол нэг л жишээ шүү дээ. Энэ мэт хурд сааруулагч төрөл тус бүрийг хэрхэн, хаана, яаж тавих, ямар стандарт мөрдөх, ямар материал ашиглах, давуу болон сул талыг нарийн тусгаж өгсөн. Энэ стандарт бол яг одоо олон улсад ашиглагдаж байгаа стандартуудыг судалж, туршлага авч боловсруулсан стандарт” гэв.

"ХУРД СААРУУЛАГЧ ТҮГЖРЭЛИЙН НЭГ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ"

Хурд сааруулагчийн стандартаас гадна түгжрэлийн нэгэн шалтгаан болдог тухай иргэд шүүмжилдэг. Тэгвэл бид Сансарын колонкоос Дарь эхийн уулзвар хүртэлх авто замын нөхцөл байдлыг сурвалжиллаа. Дарь эхэд байрлах Ерөнхий боловсролын 102-р сургуулийн гадна “Speed bump” буюу хурд сааруулагч босгыг явган хүний гарцын наана болон цаана байршуулсан нь энэ хэсэгт хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсгэж байлаа. Тэр дундаа жижиг оврын автомашинууд хурдаа 5-10км хүртэл хасаж, гардаг нь түгжрэлийн нэг шалтгаан болж байсан юм. Түгжрэл үүсгэж байгаа шалтгааныг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн автозамын Доктор, Профессор Р.Болормаа тодрууллаа. Тэрбээр

 “Хөдөлгөөний ачаалал өндөртэй, олон эгнээ бүхий замд хурд сааруулагч хийснээр түгжрэл үүсгэх нэгэн шалтгаан болоод байна. Хурд сааруулагчийг автозамын зураг төслийн шатанд маш сайн бодолцож төлөвлөх ёстой. Үүнийг хэрхэн яаж уялдуулах вэ гэдэг бол инженерийн шийдэл. Тус хэсэгт гэрлэн дохиотой гарцаар шийдэх үү эсвэл хурд сааруулагчтайгаар шийдэх үү  зэрэг бол цэвэр инженерийн шийдэл. Ямар шийдэл нь түгжрэл үүсгэхгүй байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Хурд сааруулагч түгжрэл үүсгэх ёсгүй. Харин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой” гэлээ.

Манай улсад жилээс жилд автомашины тоо нэмэгдсээр байна. Тэгвэл автомашины эвдрэл гэмтэл, түгжрэлийн нэг шалтгаан болоод буй “хурд сааруулагч”-ийг хэрхэх вэ гэх асуулт гарч ирнэ. Мэдээж, үүний цаана иргэний амь нас яригдаж байгаа учир хурд сааруулагчийг үгүйсгэх аргагүй. Харин шинэ шийдэл юу байх вэ гэх асуулт тавигдаж байна. Хөгжингүй улс орнуудад хурд сааруулагч гэх ойлголт байдаггүй. Харин “Stop” гэсэн бичигтэй ганц зураас л бий. Тус бичгийн ард жолооч заавал зогсоно. Үүний дараа хэн нэгэнд саад учруулахгүй тохиолдолд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлдэг. Хэрэв “stop” бичгийн ард зогсоогүй тохиолдолд хатуу арга хэмжээ авдаг байна. Гэтэл манай улсын жолооч нарт ийм соёл бүрэн төлөвшөөгүй учир “механик”-аар хурдыг сааруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхээс өөр араггүй байдаг байна.