Үндэсний их баяр наадмын энэ жилийн нээлтийн үеэр үхэр тэрэг хөллөсөн хүн, гэрийн тооноор тэрэгний дугуй хийсэн гэх мэт найруулгууд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын санаа байсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Энэ асуудлын талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өөрийн цахим хуудсандаа “Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа бол олон арван уран бүтээлчийн ур ухаан, сэтгэл зүрх, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлийг шингээсэн нүсэр том бүтээл байдаг. Жил бүрийн наадмыг дэлхий нийтэд таниулах энэ үйл ажиллагаанд уран бүтээлчид маань хэдэн сарын өмнөөс эрчимтэй бэлтгэж, урлаг, соёлын үнэт өвийг өвлөж түгээхийн төлөө сэтгэл гарган ажилладагт гүн талархал илэрхийлье.
Наадмын нээлтийн зохиол болон холбогдох найруулга, дэглэлт нь олон сарын өмнө боловсруулагдаж, холбогдох шат дамжлагаар батлагдан түүх, соёл, урлагийн эрдэмтэн мэргэд зөвлөн хэрэгжүүлдэг. Миний бие 2025 оны 6-р сарын 17-ны өдөр буюу наадам болохоос 23 хоногийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон бөгөөд тухайн үед нээлтийн зохиол, бэлтгэл ажил бүрэн төлөвлөгдсөн, батлагдсан байдалтай байсан.
Иймд миний зүгээс энэхүү ажилд нэмэлт санал, өөрчлөлт оруулаагүй болохыг хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна” гэжээ.