Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж буй түлэгдсэн гэх хүмүүсийн 70-80 хувь нь 0-15 насны хүүхдүүд байдаг байна. Мөн 0-4 настай хүүхдүүдийн түлэгдэлтийн тоо сүүлийн үед нэмэгдэх болсон бөгөөд түлэгдэх осол хамгийн их гарч буй орчин нь "гэртээ" гэсэн судалгаа бий. Иймд бага насны хүүхдийг түлэгдэхээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, мэдлэгийг дээшлүүлэх үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Үүний нэг нь түлэгдэлт бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд, гоо сайхан, амьдралын чанарт үзүүлж буй хор хохирол маш их. Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцөл байдлыг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг хурдан үзүүлж чаддаггүйгээс энэ төрлийн аюулд өртөж нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох, эрүүл мэндээрээ хохирох асуудал буурахгүй байна.
-АХУЙН ХҮРЭЭНД БОЛОН АМАРЧ ЗУГААЛЖ ЯВААД ТҮЛЭГДСЭН ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ-
ГССҮТ-ийг салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 15 хувиас дээш түлэнхийн гэмтэлтэй хүмүүс ирдэг бөгөөд бүх өрөө дүүрэн байгаа нь харагдана. Ихэнх нь бага насны хүүхдүүд байх бөгөөд тэднийг асран хамгаалагчийн хамт хэвтүүлэн эмчилдэг аж. Улмаар түлэнхийн төвийн өрөөгөөр ороход нэгэн эмээ ач охины хамт хэвтэж байх бөгөөд ач охин нь халуун тогоотой усанд хөлөө түлжээ. Мөн л түлэнхийн төвийн нэг өрөөнд хүүгийн хамт хэвтэн эмчлүүлж буй иргэн хөдөө явж байхад нь хүү нь халуун тогоо руу унаж гуравдугаар зэргийн түлэгдэлттэй хотод ирсэн байна.
Сүүлийн өдрүүдэд түлэгдсэн хүүхдүүд ихэсч байгаа талаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр хэлсэн юм. “Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт түлэгдлийн улмаас 2024 онд нийт 5864 хүн тусламж үйлчилгээ авсны 2448 нь 0-4 насны хүүхэд. 2025 оны эхний хагас жилд 3038 хүн тусламж үйлчилгээ авсны 1255 нь хүүхэд байна. Хүүхдүүдийн ихэнх хувь нь халуун хоол, цай, усанд түлэгдсэн байдаг. Түлэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь гэртээ болон амарч зугаалж яваад түлэгдэж гэмтдэг юм. Иймд энэ гэмтэл хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт тулгамдаад буй асуудал юм. Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх нь асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага юм.
Зуун хувь урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийн нэг. Муу ёрлож буй зүйл биш, эрсдэлийг заавал харж байх ёстой. Газар хоол унд хиймээргүй байна. Хүүхдүүдийн өмнө халуун хоол, цай тавьж огтоос болохгүй. Халуун сав, ус буцалгагчийн залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар тавих хэрэгтэй. Эдгээр зүйлс нь түлэгдэлтийн дийлэнх шалтгаан болдог” гэлээ.
Үүнээс харахад бага насны хүүхдүүд өөрийгөө удирдах чадвар муу, ямар нэг зүйлд хандах хандлага, авхаалж самбаа нь бүрэн төлөвшиж амжаагүй учир эрсдэлд ороход илүү нөлөөлдөг байна. Мөн эцэг эхчүүд анхны тусламж үзүүлэх ёстой бөйдаг гэнэ. Тодруулбал халуун усанд түлэгдсэн бол нь саармагжуулах хэрэгтэй аж. Саармагжуулдаг гол зүйл нь 25 градусын ус багөөд судалгаанаас харахад 15-20 минут тасалгааны температурт байсан усыг түлэгдсэн газар урсгавал түлэнхийн зэрэг багасдаг байна. Мөн хамгийн түрүүнд эцэг эхчүүд бүх хувцсыг нь тайлж, зүүлт бугуйвч зэрэг эд зүйл байвал тайлж аваад түлэгдсэн хэсэгт усаа асгах бөгөөд бүх биеэр асгахгүй. Бүх биеэр ус асгаад хүйтэн усанд хийгээд ирдэг тохиолдол байдаг гэж тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр анхаарууллаа.
-0-4 НАСНЫ ХҮҮХЭД ТҮЛЭГДЭХ ТОХИОЛДЛЫГ БУСАД ОРОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД МАНАЙХ ИХ БАЙДАГ-
Түлэгдэлт 1-4 зэрэгтэй. Үүний гурвын а,б дөрөвдүгээр зэрэг нь арьс шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг байна. Гурвын а-4 зэрэгтэй гэсэн онош гарвал заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай аж. Түлэгдэлтийн тоо өмнөх жилийнхээс буураагүй бөгөөд 0-5 насны хүүхэд түлэгдэх тохиолдол бусад орноос илүү Монголд их гардаг гэх статистик ч бий. 0-4 нас гэдэг хүүхдийн бие махбод өсөж, төлжих үе. Гэвч түлэнхийн шарх эдгэсэн ч тухайн хүний биед арилахгүй сорви үлдээдгээр барахгүй арьс татагдаж эдгэх гэмтэй. Сорвижиж эдгэснээр гоо сайхан алдагдаж, үс, хөмсөг ургахгүй байх сөрөг нөлөө их. Түүнчлэн хүүхдийн нүүр, гар түлэгдсэн тохиолдолд үеийнхэн нь шоолж сэтгэл зүйд нь нөлөөлдөг аж. Тэр хэрээр тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч, улмаар нас биед хүрэхээрээ нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг гэмтэй. Үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүйгээс үүдэж тухайн хүний сэтгэцэд өөрчлөлт орох, ганцаардах, стресстэх асуудал ч тулгардаг гэж ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн их эмч А.Шинэжил тодотгов.