“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компани өрсөлдөн санал ирүүлснээс БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарсан.
Зөвлөх баг нь ТЭЗҮ болон суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна төслийн хэрэгжилтэд хяналт, мониторингийн цогц үйлчилгээ үзүүлж буй. Улмаар Жайкагийн 2013 онд боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчлэх, төслийн эх загвар зургийг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж, 2025 оны гуравдугаар сард батлуулсан. Иймд бид метроны ТЭЗҮ-г боловсруулах ажлын талаар “Soosung engineering” компанийн захирал И Чон Хагтай ярилцлаа.
ВИДЕО:
-БНСУ-ын дөрвөн компани шалгараад Жайкагийн гаргасан ТЭЗҮ-г шинэчилж байгаа шүү дээ. Энэ ажил одоо ямар үе шатандаа яваа вэ?
-Манай "Соосун инженеринг" компани 2011 онд нийслэлийн захиалгаар техник эдийн засгийн үзүүлэлтийг хийсэн. Хүмүүс энэ талаар буруу ойлголттой байдаг юм шиг байна лээ. ТЭЗҮ-г хийхдээ бид мэдээж Жайкагийн өмнө нь хийж байсан зүйлийг харсан. Гэхдээ тэр Улаанбаатар хотын зам, барилгатай зохицоогүй байсан. ТЭЗҮ-г манай "Соосун инженеринг" компани дангаараа 2011 онд хийж байсан.
-Тухайн үе болон одоо барилга байгууламж, зам талбай гээд л олон зүйл өөрчлөгдсөн. Тэгэхээр бүх зүйлийш шинээр эхэлсэн болов уу гэж хараад байна?
-Тухайн үед бид зураг төслөө хийгээд метро барих ажлыг яаравчлахгүй бол 10 жилийн дараа гэхэд машин техник, барилга байгууламж ихсэх гэх мэтчилэн асуудал үүснэ гэдгийг хэлж байсан. Уг нь тэр үедээ эхэлсэн бол Улаанбаатар хот өдийд метротой болчих боломж байсан юм. Тэр үеэс хойш нэлээд хэдэн жил болсон учраас олон зүйл өөрчлөгдсөн. 2011 онд ТЭЗҮ-г боловсруулж байхад дээрээс нь эхэлж ухаад метро барих аргачлал яригдаж байсан. Гэтэл одоо тэр аргачлалаар хийх боломжгүй болсон тул тунел машин гэдэг технологиор хийхээр болсон. Уг технологи нь газар доогуур ухаж, тунел зэрэг бүх зүйлээ хийгээд явдаг технологи юм. Үүнийг хэрэгжүүлнэ гэж төлөвлөж, зураг төслөө гаргаж байгаа.
Мөн 2011 онд бол газар ухаад, зарим зам талбайг хааж байгаад хийх боломжтой байсан. Гэтэл одоо хэдэн газар ухаад зам хаачихвал тэг зогсолт байтугай түгжрэл үүсэх учраас тэр аргыг хэрэглэх боломжгүй болсон.
-2030 он гэхэд метро ашиглалтад орж, Улаанбаатарчууд метрогоор зорчдог болно гэсэн зүйлийг ярьж байгаа. Хугацаандаа амжиж чадах уу?
-Метроны төслийн инженерингийг хариуцаж байгаа хүний хувьд зураг төсөл ямар ч асуудалгүй түргэн хугацаанд хийгдэнэ. Энэ бол бидний хариуцлагын асуудал. Гэхдээ үүний дараа гүйцэтгэл яригдана. Монгол Улсын засгийн газраас ямар шийдвэр гаргах эсэхээс хамаарна. Метроны замыг зэрэг барихуу эсвэл байгаа мөнгөндөө тааруулж бага багаар хийх эсэхийг яаж шийдэхээс шалтгаална гэсэн үг. Энэ бол хамтын ажиллагааны хүрээнд засгийн гзрын шийдэх асуудал. Бид өрөмдлөгийг хурдан хийх хэрэгтэй байгаа талаар сануулсан. Метроны доор байрлах хатуулаг гэж бий. Үүнд одоогийн байдлаар асуудал гараагүй. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалтыг ямар байдлаар зохион байгуулж, хэр хурдан хугацаанд хийх асуудалд санаа зовж байна. Бас монголын засгийн газар болон нийслэлээс англи улстай метроны гүйцэтгэлийн талаар ярилцаж шийднэ гэж ойлгож байгаа.
-Санхүүгээ хэрхэн зохицуулах нь маш чухал гэсэн зүйлийг та ярьж байна. Одоог хүртэлх санхүүжилт ямартай ч асуудалгүй явж байгаа юу?
Анхны гэрээгээр бид төсөвлөсөн санхүүд нь тааруулж хийж байсан ажлаа танилцуулаад, шат дараатайгаар санхүүжилтээ аваад явж байгаа.
-Улаанбаатарт үе ү цахилгаан тасрах асуудал гардаг. Метро цахилгаанаар ажилладаг. Иймд эрчим хүчний ямар нэгэн асуудал үүсэх болов уу?
-Мөн илүүдэл эрчим хүчийг хураах технологи гэж бий. Метро шөнө яваад байдаггүй учраас шөнө нь эрчим хүчийг хурааж, өдөржингөө явах нөхцлийг хангана. Иймд цахилгаан эрчим хүчний тал дээр төдийлөн асуудал үүсэхгүй байх.
-Танай компани өмнө нь метро барих ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байсан уу. Мөн Улаанбатаарт метро барихад хөрс, газар шороо зэрэг асуудал үүсэх болов уу?
-Манай компани 10 гаруй улс оронд метроны инженерийн ажлыг хийсэн. Гэхдээ энэ дэлхий ер нь ижил газар нутагтай байдаг. Инеженерийн зохион байгуулалт сайтай л байвал аль ч газрын хөрсөнд юу ч хийж болно гэсэн бодол төрсөн шүү. Иймд Улаанбаатарт метро барихад ямар ч асуудал үүсэхгүй. Гэхдээ ажлыг нэг л эхэлсэн бол зогсоож болохгүй гэдгийг монгол улсын засгийн газар мэдэж байгаа байх гэж бодож байна.
Би 2006 оны гурван сард анх монголд ирж байлаа. 20-оод жилийн дараа харахад бүх зүйл эерэгээр хөгжиж байгааг харах сайхан байна. Миний болон манай копанийн монгол дахь ажлын зорилго их гэгээлэг. 20 минут дотор хаашаа л бол хаашаа очдог болох зорилгод гар бие оролцоход ямагт бэлэн байгаа. Монгол хүн болгоны зорьж буй эх орндоо сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх энэ ажилд инженерийн ажил яалт ч үгүй тулгын гурван чулуу байдаг. Энэ тал дээр үлдсэн аамьдаралаа зориулж, ажлаа хийхийг хүсэж байна.
Би олон жил инженер хийж байгаа хүн. 20 минутанд бүх ажлаа амжуулдаг болоход зориулж би өөрөө хийсэн зураг төсөл байдаг. Үүнийг та бүхэнд сонирхуулья.
Манай компани Улаанбаатар хотыг хөдөлгөөний зохицуулалт сайтай хот болгохын тулд ажиллаж байгаа. Энэ зургийг ганц өдөрт хийчихдэг зүйл биш. Байшин барилгын хуваарилалт зэрэг бүх инженерийн шийдлийг харахгүйгээр энэ хотыг хөгжүүлэх боломжгүй. Та бүхэн ч сонссон байх. Монгол улсын засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр олон мега төслийг хийхийн тулд инженерийн төсөл заавал хэрэгтэй. Гаднын иргэд ирээд харсан ч гайхаж харахуйц хотыг хөгжүүлэх хүсэлтэй байна.