СУРВАЛЖИЛГА: Богд хааны зуны ордонтой хаяа залган иргэн О.Баасандорж хууль бусаар машин засварын газар барьж байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ

СУРВАЛЖИЛГА: Богд хааны зуны ордонтой хаяа залган иргэн О.Баасандорж хууль бусаар машин засварын газар барьж байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ

Дэлхийн улс орнууд түүхийн дурсгалт барилга байгууламжаа арчилж, тордож, үзвэр үйлчилгээний нэгэн төрөл болгож улсынхаа орлогод нэмэрлэдэг. Энэ бол зөвхөн орлого, мөнгөөр хязгаарлагдах асуудал биш. Түүхэн барилга байгууламж бол тухайн хотын түүх, соёлын санах ой билээ. Гэтэл манай улс түүхийн өвд бүртгэлтэй барилга байгууламжаа нураасаар ирсэн нь нууц биш. Тэгвэл энэ явдал үргэлжилж, төрийн хамгаалалттай түүхийн дурсгалт барилгад сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргаж буй асуудлыг сурвалжиллаа.

ВИДЕО:

Богд хааны ордон музей бол баялаг сан хөмрөгтэй, түүхэн дурсгалт өв. Улмаар 2001 онд Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байдаг. Богд хааны ордон нь “Өвлийн ордон”, "Ёслол хүндэтгэлийн танхим”, “Зуны ордон” зэрэг 20 орчим байгууламжаас бүрддэг. Тэдний нэг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд төрийн хамгаалалттай Богд хааны “Хайстай  лаврин” зуны ордонтой залгуулан хууль бусаар барилга барьж эхэлснийг зарим иргэд эсэргүүцэж эхэлжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд иргэн Оросоогийн Баасандоржид Богд хааны зуны ордонтой хаяа залган 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлөх зөвшөөрөл олгожээ. Гэтэл тус иргэн гэр бүлийн хэрэгцээндээ зориулан авсан энэхүү газрыг хууль бусаар ашиглаж, нийт талбайд авто засварын төв барихаар барилгын суурь ухаж, эхэлжээ. Үүнийг ойр орчмын оршин суугчид эсэргүүцэж, хууль сануулан холбогдох бүх шатанд хандсан ч барилгын ажил үргэлжилсээр байна.

Энэ талаар ойр орчмын иргэдээс тодруулахад, “Уг газрыг өмчлөх эрхтэй иргэнтэй бид уулзаж, шаардлага тавьсан. Тэрээр авто засварын төв ажиллуулдаг иргэн юм билээ. Өөр газар ч авто засварын төв, авто угаалгатай.

Түүхэн дурсгалт газартай хүн алхах ч зай үлдээлгүй авто засвараа тулгаж, сууриа ухаж эхэлсэн. Бидний цай сүүнийхээ дээжийг өргөж, сүсэлдэг түүхэн дурсгалт газартай авто засварын төв хамт байна гэхээр гайхаж байна.

Соёлын яам, Хотын дарга, хороо, дүүрэг гээд бүх шатанд хандсан. Холбогдох байгууллагууд үйл ажиллагааг нь зогсоосон гэж тайлбарладаг. Зарим нь огт мэдээгүй байдаг. Гэтэл барилгын суурь болоод бусад ажил үргэлжилсээр байна. Мөн барилгын суурь ухаж, эхлэхдээ өмчлөх эрх бүхий газраас хааш хаашаа сунгаж ухаж эхэлсэн” гэв.

Хамгийн ноцтой нь энэ газарт төрийн хамгаалалттай объект болох Богд хааны ордон музейгээс гадна орон сууцны хорооллууд байдаг. Энэ дагуу дуу чимээ ихтэй авто засварын төв, авто угаалгын газар ажиллах хориотой юм. Мөн 2001 онд баталсан “Хамгаалалтын бүс тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд “Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүс”-ийг хамгаалалтад авч бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг даалгасан байна. Иймд Богд хааны ордон музейн захиргаанаас энэ асуудлыг тодруулахад, "тус хэсэгт зам засварын ажлаас өөр ажил хийгдээгүй" гэдэг тайлбарыг өгсөн юм. Товчхондоо, Үнэт өвийн эсрэг байж болзошгүй энэ үйлдэлд музей хариуцсан албаныхан “мэдэхгүй” гэх хариултыг өглөө.