М.Адилсайхан: Хавдрын эмнэлэгт үзүүлэх гэж олон сар хүлээдгийг зогсоохын тулд IV эмнэлгийн барилгыг яаралтай авах хэрэгтэй байна /ВИДЕО/

М.Адилсайхан: Хавдрын эмнэлэгт үзүүлэх гэж олон сар хүлээдгийг зогсоохын тулд IV эмнэлгийн барилгыг яаралтай авах хэрэгтэй байна /ВИДЕО/

Манай улсад өнгөрсөн 2024 онд хорт хавдрын өвчлөлийн 8169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4755 хүн нас барсан статистик тоо баримт байна. Энэ нь таван хүн тутмын нэг нь хорт хавдрын өвчнөөр нас барж буй баримт.  Гэтэл манай улсад ганц байдаг хавдрын эмнэлэг болох ХСҮТ нь оочир дараалал, ачааллаа дийлэхээ больж, хүнд өвчтэй иргэд олон сар эмнэлэгт үзүүлж чадалгүй хүлээж байгаа талаар иргэд гомдоллож буй юм. Тэгвэл энэхүү асуудал болон IV эмнэлгийн асуудлаар ХСҮТ-ийн Ерөнхий захирал М.Адилсайхантай ярилцлаа.

ВИДЕО: 

-ХСҮТ-Д ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ ХСҮТ-Д ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ--

-Иргэдээс ирэх ХСҮТ-ийн оочер дарааллын гомдол тасрахгүй байна. Танай эмнэлэг дээр одоо яг ямар нөхцөл байдалтай байна. Хүлээгдэл хэр байгаа талаар та эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-ХСҮТ дээр үүсээд байгаа хүлээгдлийг арилгахын тулд долоо хоног болгон хянаж байна. Сарын өмнөхтэй харьцуулахад хүлээлэг багассан байгаа нь дотооддоо авч байгаа үйл ажиллагааны үр дүн байх гэж бодож байна.

-Тухайлбал ямар арга хэмжээ авч, аль эмчилгээ үйлчилгээний оочер дараалал багассан байгаа юм бол?

-Бид хүлээгдлийнхээ бүтцийг тодорхойлоод анх үзүүлэхээр ирж байгаа өвчтөний үе шат оношоос нь шалтгаалаад хоёр янзын дараалал үүсгэсэн байгаа. Жишээлбэл дараалалд орсон үйлчлүүлэгчийн оношийг маш хурдан тодруулж өгөх, хорт хавдрын онош батлагдсан тохиолдолд эмчилгээ тусламж, үйлчилгээ хурдан авхуулахын тулд тусад нь дугаарлалат үүсгээд, илүү богино хугацаанд оношилгоонд хамрагдаж эмчилгээнд хамрагдах боломжийг нь бүрдүүлээд ажиллаж байна. Яг одоо эмчилгээнд орох шийдвэр гарсан үйлчлүүлэгчийн тухайд онош оройтож гарах, түүнээс нь болоод эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол харьцангуй бага байгаа. Тухайлбал ходоодны хорт хавдраар өвчилсөн иргэд Ерөнхий мэс заслын тасаг дээр хагалгаанд ороход оочер байхгүй байна.

-Туяа эмчилгээ хамгийн их оочер дараалалтай байдаг шүү дээ.

-Туяа эмчилгээний асуудал байгаа. Хамгийн их хүлээлттэй байсан туяа эмчилгээний тусламж дээр Эрүүл мэндийн яам, сайд өөрөө ажилладаа, тусгай хуваарь, зураглал, ажиллах ээлжийн хуваарийг хүртэл гаргаж өгсөн. Мөн тэнд ажиллах эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшлууллыг ч шийдвэрлэж өгсөн. Иймд туяа эмчилгээ ч мөн хүлээгдэлгүй болж байгаа.

-Оочер үүсэхэд нөлөөлж байгаа хамгийн гол асуудал нь юу байгаа юм бэ. Техник тоног төхөөрөжмийн хүртээмж юм уу, ажиллах хүчин юм уу?

-Яагаад оочер хүлээгдэл үүсэж байгаа вэ гэдгийг дотооддоо судлаад үзэхэд ХСҮТ дээр өдөрт 1200-1300 хүн амбулаторийн тусламж үйлчилгээ авч байгаа. Энэ хүмүүсийн 70 хувь нь зөвхөн хугацаат хяналтын үзлэг хийлгэх гэж ирсэн гэсэн судалгаа байна.

Тэгэхээр энэ хүмүүс амьдарч буй харьяаллын дагуу хавдар судлаач эмчийн хяналтанд хүлээгдэлгүйгээр хяналтын үзлэг хийлгээд явах бүрэн боломжтой байдаг. Иймд цаашдаа хавдрын тусламж үйлчилгээ хүргэх 351 дүгээр журмыг шинэчлээд шатлалынхаа дагуу буюу анхан шатны хавдрын оноштой иргэд ямар үйлчилгээ авах, хоёрдугаар шатлал буюу аймаг, бүсийн оношилгооны төв, дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа хавдар судлаач эмч нар ямар тусламж үйлчилгээ үзүүлэх зэргийг бүгдийг нь зааглаад тодорхой болгож өгч байгаа. Ийнхүү арга хэмжээ авахаар хүлээлэг маань тодорхой хэмжээнд буурах боломжтой.

-ООЧЕР ДАРААЛЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ХАМГИЙН ЭХНИЙ АЛХАМ БОЛ IV ЭМНЭЛГИЙГ ХСҮТ-Д АВАХ-

-Хүлээлэг үүсгээд байгаа гол хүчин зүйл нь заавал ХСҮТ-д үзүүлэх шаардлагагүй хүмүүс ирж үзүүлдгээс болдог гэж хэлэх гээд байна уу?

-Мэдээж оношилгооны хүчин чадлыг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ хоёр, гурван сараар хүлээгдээд байгаа асуудлыг дотоод менежментээ сайжруулаад явахад засаж сайжруулах бүрэн боломжтой байгаа. Мөн Элэгний хорт хавдрын тусламж үйлчилгээг бид үзлэгийн хуваарийг нь өөрчлөөд хяналтын хэлбэрийг нь өөрчилбол ачааллыг нь бууруулаад хяналтанд ирж байгаа хүмүүсээ орон нутагт нь харьяаллын дагуу үзэх боломжтой. Наашаа ирж, хавдрын хамгийн сайн мэргэшсэн эмч нараас тусламж авах шаардлагатай хүмүүст тухайн иргэний бүртгэлтэй харьяанд явуулж байгаа хавдар судлаач эмч нарт цахим хэлбэрээр шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа.

Одоо зургаадугаар сарын 1-нээс цахим 13А маягттай болж байна. Ингэснээр магадгүй нааш ирэх шаардлагагүй иргэдийг орон нутгийн эмч нар нь үзээд ХСҮТ рүү явах шаардлагагүй гэдгийг тодорхойлох гэхчилэн цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой.

Манай эмнэлэгт дотор нь судалгаа явуулаад үзэхэд ирж үйлчлүүлж буй иргэдийн 70 хувь нь зайлшгүй ирэх шаардлагатай биш хүмүүс. 30 хувь нь онош тодорхойлуулж нарийн мэргэжлийн эмч нарын тусламж шаардлагатай хүмүүс байдаг. Зарим тохиолдолд 30 хувьд байгаа хүмүүсийн зарим хэсэг нь нэг л өдөр ирээд оношоо аваад явах боломжтой ч хүмүүс байдаг.

-Хэрэв IV эмнэлгийг ХСҮТ-д авбал оочер дарааллыг бууруулахад нөлөөтэй байна биз дээ?

-IV эмнэлэг дээр үүсээд байгаа асуудлыг тодорхой шийдвэр хүлээж байгаа юм байна гэж ойлгосон. Үүнийг төр авч ашиглах тендерийн хугацаа нь хүлээгдэж байгаа юм билээ. Тэр шийдвэр нь гарчихвал манай ХСҮТ-ийн зүгээс орж ажиллаад үйл ажиллагаагаа явуулах боломж байгаа. Дөрөвдүгээр эмнэлгийг манай эмнэлгийн харьяанд өгснөөр сар хүлээгдэлтэй байгаа тусламж, үйлчилгээг долоо хоногийн дотор ч юм уу хүлээж авах бүрэн боломжтой болно. Тэгэхээр боломж нь байгаа бол энэ маш богино хугацаанд энэ нөхцлийг хангаад, манай ХСҮТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж олгоосой гэж бодож байна. Хүртээмж, үйлчилгээ ч эрс сайжирна. Тийм болохоор оочер дарааллыг бууруулах хамгийн чухал асуудал нь энэ IV эмнэлгийн асуудал гэж хэлнэ.