“1984” постдрамын жүжиг "Гэгээн муза" наадмын зургаан номинацид нэр дэвшин өрсөлдөж байна

“1984” постдрамын жүжиг "Гэгээн муза" наадмын зургаан номинацид нэр дэвшин өрсөлдөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохион байгуулна.
 
Тус наадмыг хоёр шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатны шалгаруулалт нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд нийслэлийн театруудад болох аж. Хамгийн сүүлийн шат буюу улаан хивсний ёслол энэ сарын 24-ний өдөр “Корпорейт центр”-т 17:00 цагт болно. Тэгвэл өнөө жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын хүрээнд тоглох жүжгийн эхний жүжгээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжгийг сонгожээ.
Тус жүжгийг  маргааш буюу тавдугаар сарын 16-нд Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа тоглох юм. 
“1984” постдрамын жүжиг нь “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрөлд зургаан номинацад нэр дэвшин өрсөлдөж буй. Тухайлбал, шилдэг найруулагч номинацад “Орфей” театрын найруулагч М.Батболд, шилдэг зураач номинацад “1984” жүжгийн тайзны зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, шилдэг хөгжмийн зохиолч номинацад Д.Нямхүү, Х.Цэцэн нар нэр дэвшиж буй бол “1984” постдрамын жүжигт бүтээсэн Уинстон Смитийн дүрээрээ Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй гол дүр, Жулиягийн дүрээр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг шилдэг эмэгтэй гол дүр, О”Брайены дүрээр Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацад тус тус өрсөлдөж байна.