Налайх дүүргийн 3 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдөж, хоёр хүн автомашины эд ангид хавчуулагдсан дуудлага өчигдөр /2026.09.20/ 13:45 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид очиход Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн жолоодож явсан “Toyota Sai” болон Улаанбаатар хотоос Багахангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Toyota Prius-50” загварын автомашин мөргөлдсөн байжээ. Ослын улмаас иргэн У /40 настай, эмэгтэй/-ийн баруун хөл, иргэн Ч /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл тус тус автомашины эд ангид хавчуулагдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Улмаар хоёр иргэнийг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.