Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар 370 орчим алба хаагч ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар 370 орчим алба хаагч ажиллаж байна

Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан түймэрт 97 алба хаагч ажиллаж байна. Баруун талаас онцгой байдлын алба хаагчид зүүн талаас нь Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Ойн болон нөхөрлөлийн мэргэжлийн ангиуд, аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. Түймрийн тархалтыг бүрэн хязгаарлаж, доторх цэвэрлэгээг хийж байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд тавдугаар сарын 1-ний өдөр гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, сум орон нутгийн мэргэжлийн ангиудаас нийтдээ 370 орчим алба хаагч ажиллаж байна. Түймрийн баруун хойд талаас баруун урд хэсгээр ороож, тархалтын гол чиглэл болох зүүн урд чиглэл рүү тойруулж, хоёр хүнд машин механизмаар зогоо татсан. Бүлгүүд маань түймрийн тархалтыг дотогш хумих, угтуулж цурам тавих, цэвэрлэгээ хийх, голомтод асаж буй мөчир, хөвд зэрэг унангийг бүрэн унтрааж байна. Зүүн талаар онцгой байдлын байгууллагын томилгоот бүлгүүд бүрэн тойрч, гол асаж буй хэсгүүдэд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бүлгүүд ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар 5,000 орчим га талбай түймэрт өртсөн. Түймрийг хяналтад авсан. Тархалтын чиглэлд шороон зурвас татаж, асалтын чиглэлд гол хүчээ төвлөрүүлэн бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.