Өнөөдөр /2025.05.04/ Монголын Буддын шашны тэргүүн, Оройн дээд Очирдара Х Богд Жавзандамба хутагт 10 нас хүрч байна. Тэрбээр 2015 оны 5 дугаар сарын 4-нд АНУ-ын Вашингтон хотод мэндэлсэн гэдэг бөгөөд түүний эцэг нь Монгол Улсын Их Сургуулийн математикийн багш, шинжлэх ухааны доктор Ч.Алтаннар, ээж нь “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Н.Мөнхнасан юм.
Харин 2016 оны 11 дүгээр сард Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Монгол Улсад айлчлах үеэрээ X Богд Жавзандамба хутагтын дүрийг тодруулсан тухайгаа зарлаж, түүнийг Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх нэрээр өргөмжилсөн байдаг. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 8-нд Энэтхэгийн Дарамсала хотод болсон шашны ёслолын үеэр 14-р Далай лам X Богд Жавзандамба хутагтыг олон нийтэд анх удаа танилцуулсан бөгөөд тэр үеэс хойш Монголын буддын шашны тэргүүнээр хүлээн зөвшөөрөгдөж, шашны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн юм.